БАЯН-ӨЛГИЙ: Цагааннуур боомтоор 1,5 сая долларын үнэ бүхий ноос, ноолууран бүтээгдэхүүн экспортлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-02-06 16:21:27

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших олон улсын авто замын Цагааннуур боомтоор манай улсын иргэн, аж ахуйн нэгжүүд өнгөрсөн онд нийтдээ 1,5 сая долларын үнэ бүхий угаасан ноос болон ноосон бүтээгдэхүүн экспортод гаргажээ.


Тус аймаг дахь Гаалийн газраас өгсөн мэдээллээр 75 тонн тэмээний угаасан ноос, 77,3 тонн хонины угаасан ноос экспортолсон байна.


Мөн дотоодын үйлдвэрүүдийн үйлдвэрлэсэн 22 мянган хос бээлий, 1200 ширхэг ноосон малгай, 302 мянган хос ноосон, ноолууран оймс, 1350 ширхэг хүзүүний ноосон ороолт, 7560 хос ноосон өвдгөвч, 2285  ширхэг ноосон өмд, 3110 хос ноосон түрий, 3431 хос эсгий шаахай, 1065 ширхэг ноосон цамц зэргийг ОХУ, Казахстан Улс болон Дундад Азийн бусад орнууд руу борлуулжээ.


Сүүлийн жилүүдэд дотоодын үйлдвэрүүдийн ноосон, ноолууран бүтээгдэхүүнүүдийн чанар, загвар дизайн сайжирсан. Энэ хэрээр бусад улс орнуудын Монгол Улсад үйлдвэрлэсэн ноосон, ноолууран бүтээгдэхүүнүүдийг худалдан авах сонирхол ч нэмэгдэж байгаа гэдгийг бизнес эрхлэгчид хэлж байна. 

Холбоотой мэдээ