СЭЛЭНГЭ: Иж бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-01-27 17:44:07

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг анх удаа бартаат замын, туулах чадвартай, иж бүрэн тоноглогдсон автомашинтай боллоо. Энэхүү автомашин нь дотроо хүчилтөрөгчийн аппаратаас эхлээд эрчимт эмчилгээний тасагт байдаг бүхий л тоног төхөөрөмжөөр тоноглогдсон гэдгээрээ давуу юм.


Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн Тоёото-ланд-78 маркийн автомашиныг УИХ-ын гишүүн Ч.Ундрам, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог нар хүлээлгэн өглөө.


“Эрүүл мэндийн салбарынхантай уулзаж явахад Орон нутгийн түвшинд туулах чадвар сайтай бартаат замд явах түргэн тусламжийн автомашин яаралтай чухал хэрэгтэй байгааг хэлдэг байсан. Иймээс өнөөдөр энэхүү автомашиныг хүлээлгэн өгч байна” хэмээн УИХ-ын гишүүн Ч.Ундрам хэллээ.


Аймгийн Нэгдсэн эмнэлгийн тухайд түргэн тусламжийн автомашин байгаа ч нэн хүнд өвчтөнийг тээвэрлэхэд зориулсан машин байдаггүй. Одоо ашиглаж байгаа автомашинууд нь хуучирсан, иргэдэд түргэн тусламжийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд хүндрэлтэй, цаг алдах, нэн ялангуяа маш хүнд өвчтэй хүмүүст үйлчлэхэд хүндрэлтэй байжээ.  


Энэ байдлыг аймгийн удирдлагын багаас шийдвэрлэх үүднээс дээд шатны байгууллага болон холбогдох УИХ-ын гишүүдэд санал, хүсэлтээ хүргүүлэн ажилласны үр дүнд өнөөдөр ийнхүү туулах чадвар бүхий, иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашинтай болжээ.  


Энэхүү автомашин нь өвчтөн зөөвөрлөх үед яаралтай тусламжийн болон эрчимт эмчилгээний бүхий л тусламж үйлчилгээг машин дотроосоо хүргэх чадвартайгаараа онцлогтой юм.


“Сумдаас амь тэмцсэн үеийн хүнд өвчтэй хүнийг тээвэрлэхэд өмнө нь бид байгаа машиндаа өөрсдийнхөө ашигладаг зөөврийн тоноглолуудаа аваад явдаг байсан. Харин одоо тоноглогдсон автомашинтай болсон тул тухайн өвчтөнийг тээвэрлэхэд, тусламж үйлчилгээ үзүүлэхэд байрлал, хөдөлгөөнд саад учрахгүй байхаар машинтай боллоо. Энэ нь бидний тусламж үйлчилгээний ажилд нэг ахиц гарч байна. Бас иргэдийн амийг аврах боломж нэмэгдлээ. Хэдийгээр бид тээвэрлэлтийн явцад ямар нэгэн осол, эрсдэл гаргаж байгаагүй ч гэсэн тээвэрлэж яваа жолооч, эмч, сувилагч нарын маань сэтгэл маш их зовоостой, замын турш түргэхэн эсэн мэнд хүргэх юмсан гэсэн сэтгэлийн түгшүүртэй явдаг байсан. Одоо бол өөр зүйлд санаа зовох зүйлгүйгээр өвчтөнөө тээвэрлэх боломж бүрдлээ” хэмээн аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Ж.Эрдэнэчимэг ярилаа.   

Холбоотой мэдээ