Катар, Кувейт улсуудтай бизнес форум зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-01-23 08:37:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдлага Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайд П.Сэргэлэнтэй цахим уулзалт хийж, Кувейт, Катар улсад бизнесийн хамтарсан форумуудыг зохион байгуулах талаар санал солилцлоо.


Катар, Кувейт нь газрын тосны баялаг нөөцтэй бөгөөд түүндээ тулгуурлан хүчирхэг эдийн засгийг хөгжүүлсэн орнууд. Монгол Улсаас мах, ноос ноолуур, самар зэрэг бүтээгдэхүүн гаргах мөн түүнчлэн хоёр талын аялал жуулчлалыг хөгжүүлэх өндөр боломжтой улсууд юм.


Манай тал Катар улстай бизнес форумыг 3 дугаар сарын 6-ны өдөр, Кувейт Улстай 3 дугаар сарын 9-ний өдөр тус тус зохион байгуулахаар урьдчилан товлоод байна.  Mонголын болон Kатар, Kувейт улсуудын аж ахуйн нэгжүүдийг (мах, ноос ноолуур, самар, аялал жуулчлалын салбар) оролцуулан амжилттай зохион байгуулахад Элчин сайдын яам, МҮХАҮТ, Kатар, Kувейт улсуудын ХАҮТ-уудтай хамтран ажиллахаар боллоо.


Монгол Улс, Катар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ онд тохиож буй юм.


Холбоотой мэдээ