ХОВД: Мөсний баярыг үзэж, оролцохоор 20 мянга орчим хүн иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-01-21 19:11:41

Ховд /МОНЦАМЭ/. Олон угсаатны өв соёлоор бахархах, өвлийн аялал жуулчлал, спортыг хөгжүүлэх зорилготой “Мөнгөлөг шагшуурга-2023” мөсний баяр өнөөдөр эхэллээ.  

Зөвхөн Ховд аймгийн Хар-Ус нууранд өндөглөдөг Борцгор хотон шувуу болон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах уриан дор зохион байгуулж ирсэн  “Мөнгөлөг шагшуурга” мөсний баяр энэ жил 9 дэх удаагаа болж байна.

Өнгөрсөн жилүүдэд хийсэн судалгаагаар “Мөнгөлөг шагшуурга” мөсний баярт оролцох, үзэж сонирхохоор гадаад, дотоодоос ойролцоогоор 10 мянга гаруй хүн Ховд аймаг, тэр дундаа Хар-Ус нуурыг зорин ирдэг байсан.  Тэгвэл  энэ жил мөсний баярыг 20 мянга орчим  хүн үзэж, сонирхохоор ирсэн нь  тус наадмын цар хүрээ  өргөжиж,  баруун бүсийн өвлийн аялал жуулчлалын томоохон үйл ажиллагаа болж байгааг харуулж байна гэж Ховд аймгийн удирдлагууд өнөөдөр мөсний баярын нээлтийн үеэр онцоллоо. 


Хар-Ус  нуур  дагуу нягт ургасан  хулс, зэгс бүхий нуурын шагшуурга нь байгалийн өнгө үзэмжийг тодотгоно.

Борцгор хотон, янгир ямаа, монгол гэр зэрэг мөсөн урлалыг тус баярын талбайд хийж байршуулсан олон нийтийн анхаарлыг татаж байлаа. Үүний зэрэгцээ морин чарганы үйлчилгээ, морь тэмээ унаж зураг авахуулах, тэшүүрийн үйлчилгээ зэрэг олон  сонирхолтой үзвэр үйлчилгээнүүдийг Мөнгөлөг шагшуурга цас мөсний баярын үеэр зохион байгуулж байна. 

“Мөнгөлөг шагшуурга -2023” наадам нь Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан өвлийн аялал жуулчлалын анхны наадам болж байгаагаараа онцлог юм.

Энэхүү баярын үйл ажиллагаа маргааш үргэлжилж, Ховд аймагт аж төрж буй захчин, мянгад, өөлд, торгууд зэрэг 13 угсаатны дахин давтагдашгүй өв соёл, түүх, биет болон биет бус өвийг нэг дор үзэх боломжийг олгох аж.










Холбоотой мэдээ