ОРХОН: Өвлийн спортоор 4000 гаруй тамирчин хичээллэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/. Орхон аймагт сүүлийн хоёр жилд өвлийн спортыг сонгон хичээллэдэг
тамирчдын тоо 180-аар нэмэгджээ. Өнөөдрийн
байдлаар өвлийн спортын зургаан төрлийн дугуйланд 380 тамирчин хамрагдаж байна. Үүнээс хоккейн
спортоор 90, гүйлтийн цана, дугуйт
цанаар 45, уулын цанаар 100, снөүбоэрд 30, мөсөн шагай 63, мөсөн сурын спортоор 43 нийт 380 гаруй тамирчин хичээллэж байна.
Өвлийн спорт бол тэсвэр хатуужил, эр зоригийн спорт учраас сонгон хичээллэх тамирчдын тоо бага, хичээллэх явцдаа шантрах тохиолдол их байдаг аж. Тиймээс Орхон аймаг 2020 оноос эхлэн “Өвлийн спортыг хөгжүүлэх” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлснээр өвлийн спортоор хичээллэдэг тамирчдын тоог 4400 болгон нэмэгдүүлжээ. Мөн тамирчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хичээллэх нөхцөл боломжоор хангахад ихээхэн анхаарч байна.
Цанын өсвөрийн шигшээ багт орон нутгийн төсвийн 33.3 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ
Орон нутагт өвлийн спортыг хариуцсан мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх,
тамирчдын бэлтгэл, сургууль хийх стандартын шаардлага хангасан зам талбайг
тохижуулж, таатай орчин бий болгох зорилготой “Өвлийн спортыг хөгжүүлэх” хөтөлбөрийн
үр дүн эхнээсээ гарч эхэлжээ.
Тухайлбал, 2020-2022 онд шинээр мөсөн гулгуурын гурван талбай, цанын замын трастыг нэгээр нэмэгдүүлсэн байна. Мөн өвлийн
спортын цана, тэшүүрийн материаллаг баазыг сайжруулах, тэмцээн уралдаанд
оролцоход спорт холбоо клубүүдэд улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар
дэмжлэг үзүүлжээ. Орон нутгийн 33,3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цанын
өсвөрийн шигшээ багийг бэлтгэлийн болон
уралдааны цана тэшүүрээр хангаж, сэргэлтийн бэлтгэлд хамруулж, тэмцээн уралдаанд
тогтмол оролцуусан байна. Ингэснээр,
Гүйлтийн цанын өсвөр үеийн Төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алт, найман мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр гуравдугаар байр
Гүйлтийн цанын өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алт, найман мөнгө, хоёр хүрэл нийт багийн дүнгээр гуравдугаар байр эзэлсэн байна
“Мөнгөн өвөл” аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна
Түүнчлэн “Эрдэнэт мөнгөн өвөл-2022” аяны хүрээнд өвлийн спортын
шилдэг таван
холбоо,
нэг дасгалжуулагч багш, таван
тамирчныг урамшуулж, спорт холбоодод дэмжлэг үзүүлжээ. Мөн аяны
хүрээнд аймгийн хүчний байгууллагуудын дунд Биатлон, Тэшүүр, Уулын цана,
Гүйлтийн цанын аймгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн, мөсөн шагай, мөсний сур харвааны тэмцээнд нийт 337
тамирчныг хамруулсан байна.
Орхон аймаг өвлийн спортыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч буй. Тиймээс ч
өвлийн спортын 16-р их наадам, хүүхдийн спортын 7-р их наадмыг орон нутагтаа
зохион байгуулна. Ирэх сард болох тус тэмцээнийг зургаан төрлөөр явуулах бөгөөд
1000 гаруй тамирчин, багш дасгалжуулагч албаны хүмүүсийг оролцуулаад 2400 орчим
хүнийг хүлээн авахаар бэлтгэл ажлыг хангаж байна.