ӨВӨРХАНГАЙ: Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг малчдын оролцоотой хамгаалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-01-04 16:58:22

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт түүх, соёлын үл хөдлөх өвийг хамгаалах бодлого тогтвортой хэрэгжиж байна.

Олон нийтийн оролцоотойгоор соёлын өвийн хяналтыг бий болгох ажил 9 жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд 400-гаад малчин өрх сум орон нутаг, соёлын байгууллагатай гурвалсан гэрээ байгуулж, нутаглаж буй газрынхаа ойролцоох түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудыг харж хамгаалах, шаардлагатай үед холбогдох газарт мэдээлэл хүргэх, айл саахалтындаа соёлын өвийг хадгалж, хамгаалах талаар боловсрол олгох үүрэг хүлээн ажиллаж байгаа юм.



Тухайн малчдад “Өв хамгаалагч” үнэмлэхийг олгож, сар бүр урамшуулал өгдөг байна. Үүнд орон нутгаас жилд 40 орчим сая төгрөгийг зарцуулдаг аж. “Энэ нь зөвхөн Өвөрхангай аймагт хэрэгждэг онцлог ажил агаад үүний үр дүнд түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалт харьцангүй сайн байдаг” хэмээн Соёл, урлагийн газрын ахлах мэргэжилтэн Л.Пүрэвлхам хэллээ.


Аймгийн хэмжээнд 418 дэсийн 6619 ширхэг үл хөдлөх дурсгал байдаг. Тэдгээрийн 90 гаруй хувийг нь 1500-2000 жилийн тэртээх булш, хиргисүүрүүд эзэлдэг аж. Булш хиргисүүрүүдийн дийлэнх нь МЭ-ий VII зуунд амьдарч байсан Түрэг угсаатны тахил, тайлгын байгууламжууд юм.



Нүүдэлчин ард түмний дунд нас барсан хүмүүсээ газарт булшлан оршуулахаас гадна тахилга тайлгын зориулалт бүхий байгууламжийг тусад нь барьж тахил өргөх зан үйл үйлддэг байсан бөгөөд Өвөрхангай аймаг дахь булш, хиргисүүрийн ихэнх нь дээрх зорилгын хүрээнд бий болсон. Тиймээс энэ хиргисүүрийг ухлаа гэхэд малын яс, үс, шашны хэрэгслээс өөр зүйл гарахгүй гэдгийг “Өв хамгаалагчид”-ын оролцоотойгоор нутгийн иргэдэд ойлгуулан сурталчилж байна.

Холбоотой мэдээ