Нийслэлд 3600 тонн давсны нөөцтэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотод сайжруулсан шахмал түлшний 82 мянган тонн нөөцтэй, түүхий эд, барьцалдуулагч, шуудайн нөөц хангалттай байгаа талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдол хариуцсан орлогч З.Төмөртөмөө мэдээллээ.
Инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, 12 байгууллагын 172 машин механизм, 21 техниктэй бодис, давсны бэлэн байдлыг хангажээ.
ААН, байгууллага ойр орчмын 50 метр хүртэлх газрыг цэвэрлэх үүргийн дагуу нийслэл дэх ААН-үүдийн 67.4 хувь буюу 11.485 нь 565.699 ам метр талбайн цас, мөсийг цэвэрлэжээ. Нийслэлд нийт 17.046 ААН худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Зөвлөгөөний үеэр нийслэлийн Багануур дүүрэгт бог малын мялзан өвчин бүртгэгдсэн талаар НОБГ-ын дарга, хурандаа Л.Дашням мэдээлллээ. Багануур дүүрэгт өвөлжиж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Б-гийн малд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн дуудлагаар 12 дугаар сарын 29-нд дээж авч шинжлүүлэхэд бог малын мялзан өвчин оношлогджээ. Иймээс дүүргийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоох ажлыг зохион байгуулж байна.
Халтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлэх хүрээнд цас, мөсний цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах талаар Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн хэрэгжилтийн талаар Хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэг мэдээллээ. Тэрбээр тус газар 185 км зам хариуцдаг. Шөнөдөө 30 хэм гарч хүйтэрч, хялмаа их унаж байна. Давсны 119 тонн, 270 тонн орчим бодисын үлдэгдэлтэй байгаа. Өглөө бүр гол замуудын уулзвар, гарц, өгсүүр, уруу замд 30-40 тонн давс, бодис цацаж байна. Шинэ жилийн “Мөнгөн үдэш” үйл ажиллагааны үеэр 18 зам, талбайн үйлчлэгч нар гурван машинтай ажилласан. 3600 тонн давс, 1450 тонн бодисын нөөцтэй үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна гэлээ.
Зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар М.Баярааг томилсныг удирдах ажилтнуудад танилцуулав. Тэрбээр, ажлаа аваад халтиргаа, гулгаа, хогны асуудалд анхааран ажиллаж байна. Зургаан дүүрэгт газар дээр нь ажиллалаа. Төв замуудад халтиргаа харьцангуй гайгүй байгаа ч нарийн цэвэрлэгээг хангалтгүй хийж байна. Замын нууханд үлдсэн давс, бодис, цасыг цэвэрлэдэггүй, автобусны буудалд гулгаа их үүссэн. Тиймээс нарийн цэвэрлэгээг сайтар хийх шаардлагатай байгаа. Давс, бодисын хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна. 15 вагон бодис орж ирж байгаа. Эхний гурван вагон буюу 2300 тонн бодис буусан. Бодис хангалтгүй байгаа тул дүүргүүдэд олгохоор төлөвлөж байна гэв.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал
хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдрийн шуурхай зөвлөгөөнийг удирдан, үүрэг, даалгаврыг өгөв. Үүнд:
- Улс, нийслэлийн бодлогын томоохон зорилтыг 2023 ондоо ажил
хэрэг болгож, Төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулж, гадаадын
хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлж, салбар дундын
уялдаа холбоог хангаж, нэгдсэн удирдлагаар хангах.
- Бодлогын хүрээнд түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн
парк шинэчлэлийг
эрчимжүүлж, НЗДТГ-аас нэгдсэн удирдлага, бодлогоор хангаж ажиллах.
- Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар татан буугдсантай
холбоотойгоор нутгийн захиргааны зарим байгууллагын бүтэц, чиг үүргийг оновчтой
тодорхойлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах байдлыг алдагдуулахгүйгээр
зохион байгуулж ажиллах.
- Улаанбаатар хотын хэт төвлөрлийг бууруулах, хот, хөдөөгийн
хөгжлийн зохистой тэнцвэрийг хангах зорилгоор нийслэлийн Багануур, Багахангай,
Налайх дүүрэг хүн амынхаа тоог 20 хувиар нэмэгдүүлэх бодлогын чиглэлийг
баримтлах Засгийн газрын 2022 оны 419 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж
ажиллах.
- Дотоодын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор 21 аймаг, 9 дүүргийн ЖДҮ үйлчилгээ эрхлэгчдийг хамруулан үндэсний бараа, бүтээгдэхүүний “Сар шинийн өргөтгөсөн үзэсгэлэн, арга хэмжээ”-г зохион байгуулах бэлтгэл ажлыг хангахыг мэдэгдлээ.