Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн 12 дугаар сарын 29-ний өдрийн учир

ТОЙМ
batbold.sh@montsame.gov.mn
2022-12-29 15:00:59
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 12 дугаар сарын 29-ний өдрийн учир юу вэ? 1911 оны энэ өдөр Монголчууд Манж Чин гүрний ноёрхлыг түлхэн унагаж, тусгаар тогтнолоо сэргээн мандуулжээ. Тодруулбал, энэ өдөр Монголчууд тусгаар улс болж, язгуурын төр улсаа дэлхий дахинаа албан ёсоор зарлан тунхаглаад VIII Богд Жавзандамба хутагтыг улсын эзэн хаанаар өргөмжилж, анхны таван яамыг байгуулан сайд нарыг тохоон томилж ажилд нь оруулжээ. Өнөөдрийн Монгол Улс бол төр ёсны уламжлал хийгээд газар нутаг, өв соёл, үнэт зүйлийн хувьд энэхүү түүхийн шууд үргэлжлэл юм.


Ийнхүү Монголчууд үндэсний эрх чөлөөний хувьсгал хийж, 220 жил Манж Чин гүрний эрхшээлд байсныгаа эцэслэж, тусгаар тогтнолоо зарласан буюу албан ёсны нэршлээр бол Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ой энэ жил тохиож байна.


УИХ 2007 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулж, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн өдрийг тэмдэглэлт өдөр болгож, мөн оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монголчууд анх удаа албан ёсоор тэмдэглэж байв. Улмаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.7-д Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29. хэмээсэн заалтыг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмж, энэхүү өдрийг нийтээр тэмдэглэх үндэсний баярын өдөр болгосон юм. 

***

Түүх сөхвөл, Их эзэн Чингис хааны 1206 онд байгуулсан Монголын эзэнт гүрнээс үлдсэн Монгол Улсын сүүлчийн хаан Лигдэн 1634 онд нас барж, 1636 оноос Өмнөд Монгол, 1691 онд Халх Монгол, улмаар 1757 онд Манжийн эсрэг тэмцсэн Хотгойдын Чингүнжав, Ойрадын Амарсанаа нарын бослого дарагдаж монголчууд нийтээрээ Манжийн эрхшээлд оров. Ингэснээр Монголчууд өөрийн гэсэн албан ёсны төр засаггүй болж, дотоод, гадаад гэж хуваагдан, гадаад буюу Ар Монголын хэргийг Манж Чин улсын Бээжин дэх Гадаад Монголын төрийг засах явдлын яам хариуцах болов. Нэг ёсондоо монголчууд нэгдсэн төр улсгүй болж, бусдын эрхшээл дор амьдрах 200 гаруй жилийн түүх ийнхүү эхэлжээ.


1727 оны Буурын гэрээгээр Монгол-Оросын хилийг тогтоож, Орос-Монголын харилцаатэй холбоотой бүх асуудлыг Манж Чин гүрэн, Хаант Оросын гадаад бодлогын хүрээнд зохицуулахаар болжээ. Нэг ёсондоо Ар Монгол нь Манж Чин гүрний нөлөөний бүс болж, хязгаар нутаг нь болж хувирсан юм. Манж Чин гүрэн Монголыг гадаад ертөнцөөс ангид, тусгаарлагдмал байлгах бодлогыг 19 дүгээр зууны 2-р хагас хүртэл баримталж байв. Гэвч 1860, 1962, 1869, 1881 оны Манж, Оросын гэрээнүүдээр Монгол дахь Оросын нөлөөлөл нэмэгдэж иржээ. Энэ үед Манж Чин гүрний хүч нөлөө ч суларч, үүнтэй зэрэгцээд Гадаад Монголыг улам колончлох бодлого барьж, "Шинэ засгийн бодлого" гэгчийг хэрэгжүүлж эхэлсэн нь олон жил дарлагдсан Монголчуудын дургүйцлыг улам хүргэж, 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалыг хийх урьдач нөхцөлийг бүрдүүлж эхэлсэн гэж түүхчид үздэг юм. Учир нь Манжийн Шинэ засгийн бодлого нь Монгол нутагт хятадуудыг суурьшиж амьдрах, газар тариалан эрхлэх, тэр байтугай өмнө хатуу хориотой байсан хятад, монгол иргэд ураг барилдаж гэрлэх, монгол газар хятад нэр хэрэглэх, хятад хэлийг албанд хэрэглэхийг хориглож байсныг цуцлах, зөвхөн Манжид хэрэглэж байсан есөн эрүү шүүлтийг монголчуудад тулгах зэрэг явдлыг дэмжиж, нэг ёсондоо Монголын газар нутгийг эрхэндээ оруулж байгалийн баялгийг цөлмөх, хүн амыг хятадчилж ураг удмыг устгах бодлого явуулж эхэлсэн байна. Тиймээс нийт монголчууд энэ бодлогыг эсэргүүцэж, Манжийн төрөөс тусгаарлах арга зам хайхад хүргэсэн байна. Тухайлбал, Халхын шарын шашны тэргүүн VIII Богд Жавзандамба хутагт 1895, 1900 онд Хаант Орост хандаж Манжаас тусгаарлахыг дэмжихийг  хүссэн захидал, элчийг явуулж байсан бол 1900-гаад оны эхээр Өвөрмонголд Тогтох тайжийн тэргүүлсэн бодлого гарч, 1900 онд Улиастайн 2000 монгол цэргийн бослого, 1906, 1910 онд Их хүрээнд хятадын худалдаачдыг эсэргүүцсэн ард олны болон лам нарын хөдөлгөөн гарчээ.


1909-1910 оноос Ар Монголын ноёд шинэ засгийн бодлогыг эсэргүүцэн албан ёсоор нэгдэж, Богд Жавзандамба хутагттай энэ талаар хэлэлцэн Манж Чин гүрний засаг захиргаа хэзээ мөдгүй унаж мөхөх нь тодорхой болж буй тул энэ завшааныг ашиглан тусгаар тогнолоо зарлаж, төр улсаа байгуулах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн байна. Энэ хүсэл зорилгоо 1911 оны зун болсон Богдод даншиг өргөх наадмаар улам бататгаж, халхын ноёд найр наадам үүсгэх зорилгоор удаа дараа сэм уулзан Богд Жавзандамба хутагт, Халхын дөрвөн аймгийн хангуудын гарын үсэг бүхий тусгаар тогтнолын хэрэгт тусламж үзүүлэх тухай  захидлыг дахин Хаант Орос улсад илгээхээр тогтжээ. Энэхүү захидлыг Богд Жавзандамба хутагтыг төлөөлж Да лам Цэрэнчимэд, Халхын ноёдыг төлөөлж Чин ван Ханддорж, Өвөр Монголын төлөөлөл болж Хайсан гүн нар авч 1911 оны 7-р сард Хаант Оросыг зорьжээ. Хэдийгээр Хаант Оросын зүгээс шууд дэмжээгүй ч энэ нь монголчуудыг өөрийн хүчээр тусгаар тогтнолоо сэргээн мандуулах үйлсийг эхлүүлэх зорилгыг шулуутгажээ. Улмаар 1911 оны 10 дугаар сард Хүрээний хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газар буюу Түр Засгийн газрыг Түшээт хан Чагдаржаваар ахлуулан байгуулж, Монгол Улсын тусгаар тогтнолыг зарлах, Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залах бэлтгэл хангах, цэрэг, зэр зэвсэг дайчлах, мөнгө санхүү босгох зэрэг ажлыг хариуцуулан ажилд нь оруулжээ. Мөн Манжаас Хүрээнд сууж асан Сандо амбанг 12 дугаар сарын эхээр хөөж явуулж, хятад цэргүүдийн зэвсгийг хураав.


Чухамхүү энэ Хүрээний хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газар буюу Түр Засгийн газар нь 1911 оны 12 дугаар сарын 29 буюу Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есний бэлгэт сайн өдрийг сонгож, Олноо өргөгдсөн Монгол Улсын тусгаар тогтнолыг зарлан тунхаглаж, Жавзандамба хутагтыг Монгол Улсын хаанд залж, анхны таван яамыг байгуулах, төрийн тамга, сүлд, далбааг урлаж бэлэн болгох зэрэг бүх бэлтгэл болон гүйцэтгэл ажлыг хариуцаж хийсэн юм.


Манжийн төрийг түлхэн унагаж, оронд нь гарч ирсэн Дундад Иргэн Улс тусгаар тогтнолоо зарлахаас ердөө гуравхан хоногийн өмнө өрсөж, 1911 оны 12 сарын 29-нд монголчууд ийнхүү үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжиллөө. Төрийн тамга, далбаа, дуулал, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газар байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулав. Богд хааны анхны зарлиг тэр өдрөө гарч Монголын тусгаар тогтнолыг дахин тунхаглан бататгаж, энэ үйл явдлыг тохиолдуулан онцгой гавьяа байгуулсан хүмүүсийг шагнаж урамшуулан, хишиг түгээж, өршөөл уучлалыг үзүүлжээ.

Шашныг мандуулагч, олныг жаргуулагч, олноо өргөгдсөн Монгол Улсын эзэн,

шашин төрийг хослон баригч, Наран гэрэлт, түмэн наст Богд хаан. Тухайн үед шинээр байгуулагдсан Монгол Улс Халхаас гадна Ховдын хязгаар, Ил Тарвагатай, Хөх нуур, Ордос, Альшаа, Харчин, Барга, Солоон,, Буриад зэрэг нийт монголчуудыг нэгтгэх зорилготой тул эдгээр бүх газар нэр сүрийг олсон хүн хаан байх нь зохимжтой хэмээн түүнийг залжээ.

"XX зууны Монголын жинхэнэ түүх Монголчуудын өөрсдийнх нь тооллоор XV жарны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн 9-ний өдөр албан ёсоор эхэлжээ. Энэ өдөр хятадын Чин династийн яг 220 жил үргэлжилсэн ноёрхлыг Гадаад Монгол түлхэн унагаж Монгол Улс юугаа зарлалаа. Богд Жавзандамба хутагтын VIII дүр хэмээн Монголчуудаар бишрүүлэн шүтүүлсэн Агваанлувсанчойжиннямданзанваанчигбалсамбуу хэмээх ер бусын урт нэртэй, 41 настай төвөд эр энэ шинэ улсын хаанаар өргөмжлөгдлөө" хэмээн нэрт нийтлэлч, түүхч Баабар (Баабар. "Монгол түүх") бичсэн бол үйл явдлыг нүдээр үзсэн гэрчүүдийн нэг Жамбал донир "Цагаагчин гахай жилийн (1911 оны) өвлийн дунд сарын шинийн есөнд Богд хаан ширээнд суусан юм. Богд хаан ширээнд суухад дөрвөн аймгийн хан, ван, гүн, засаг, хошууны ноёд цөм цугларч, Хүрээний 30 аймгийн хамба, цорж, 30 аймаг, 10 дацангийн лам гэсгүй нар, хөдөө нутгийн олон нийдийн лам гэсгүй нар цугларч дөрвөн аймгийн хан, ноёд есөн цагаан хүргэж, олон аймаг, дацангууд цөм өөрсдөө есөн цагаан адуу, тэмээ, цэмбэ тэрэм, мандал, хадаг зэргийг өргөв. Маргааш нь цогчин дуганд  дөрвөн аймаг, шавь таваас түмэн лангийн мандал өргөв. Олон газрууд өөрсдийн хэрээр мандал өргөв" хэмээн (Ц.Дамдинсүрэн. Өвгөн Жамбалын яриа) дурсжээ.



Олноо өргөгдсөн Монгол Улсыг сэргээн тунхаглаж,

Богд гэгээнийг хаан сууринд залсан их ёслолд оролцогсод.

Монголчууд үндэсний эрх чөлөөгөө олж, тусгаар тогтнолоо сэргээн зарласан 1911 оны 12 дугаар сарын 29-ний үйл явдал нь:

  • Тухайн үед оршиж байсан нийгмийн байгууллыг үндсээр нь өөрчилж, шинэ засаг төрийг тогтоон, бүхнийг дахин шинээр эхэлж, монголчууд өөртөө бүх эрхийг авсан хувьсгалт өөрчлөлт шинэчлэл байв.
  • Монголчууд 200 гаруй жил байхгүй болоод байсан төр засгаа албан ёсоор дахин байгуулж, харийн эрхшээлд байсан он жилүүдийг халсан нь эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг нийт монголчуудад мэдрүүлсэн, улмаар ард олны хүсэл зориг, сэтгэлгээнд ирээдүйдээ итгэх их өөрчлөлтийг авчирч, үндэстний бол төр ёсны сэргэн мандалтыг дахин идэвхжүүлсэн онцгой ач холбогдолтой үйл явдал болсон юм. Харийн дарлалаас чөлөөлөгдөж, тусгаар тогтнолоо зарласан энэ үйл явдалд бахархаж баяссан ард түмэн Халх Монголоор тогтохгүй Өвөр Монгол зэрэг нийт монгол туургатныг хамарсан хөл хөдөлгөөн, хөөр баярыг үүсгэж байв. Энэ нь Хүрээнд зарлагдсан Монголын тусгаар тогтнол Ховдын баруун хязгаар, Урианхайн хязгаар, улмаар Өвөр Монголын олон нутаг, хошуудыг хамран цааш үргэлжлэхэд монголчууд талархан дэмжиж, зүйл бүрээр туслаж, иргэд баяртайгаар цэрэгт элсэж байснаар батлагддаг.
  • 1911 оноос хойш Монгол Улс өөрийгөө бусдаар /олон улсад/ хүлээн зөвшөөрүүлэх адармаатай түүхтэй их аянд эргэлт буцалтгүй мордож, энэ зуураа 1915 оны Гурван улсын Хиагтын гэрээ, 1919 онд Монголын автономит эрхийг цуцалсан зэрэг ээдрээтэй цаг үе, бартаа саад бүхий замыг туулсан ч чухамхүү 1911 онд Монголчууд тусгаар тогтнолоо зарлаж, нутаг орноо харийн түрэмгийллээс чөлөөлсөн нь 1921 оны Ардын хувьсгал ялах, 1945 оны Ялтын гэрээгээр Монголын статус кво-г тогтоох, 1961 онд НҮБ-д элсэж, олон улсын хамтын нийгэмлэгт хүлээн зөвшөөрөгдөх, 1990 онд Ардчилсан хувьсгалыг хийж, өнөөдрийн эрх чөлөөт ардчилсан Монгол Улсыг дэлхий дахинаа дахин тунхагласан зэрэг олон үйл явдлын үндсэн тулгуур, бат суурь нь болж өгсөн юм. Тиймээс өдгөө монголчууд 12 дугаар сарын 29-ний өдрийг тусгаар тогтнолоо сэргээн мандуулснаа дурсан санаж, өвөг дээдсийнхээ үйл хэрэгт хүндэтгэл үзүүлдэг баярын өдөр болгоод байна.


Богд хаант Монгол Улсын төрийн тамга

Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улс

Хаан: VIII Богд Жавзандамба хутагт Агваанлувсанчойжиннямданзанванчүгбалсамбуу. Тэрбээр 1869 онд Төвөдийн Лхаст төрсөн, төвөд үндэстэн. Түүнийг хоёр настайд нь Ар Монголын шарын шашны тэргүүн Жавзандамба хутагтын VIII дүрээр тодруулж, 1874 онд Их Хүрээнээ залж Богд гэгээний сэнтийд өргөмжилжээ. 1911 онд Монгол Улсын хаан  болж, 1924 оны 5 дугаар сард нас барах хүртлээ хаан ширээнд суусан юм. 

Төрийн дуулал: Зуун лангийн жороо луус

Оны цол: Олноо өргөгдсөн Монгол Улс

Нийслэл: Нийслэл Хүрээ


Яамд: 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Богд хааныг хаан ширээнд залж, Олноо Өргөгдсөн Монгол Улсыг байгуулсны зэрэгцээ анхны таван яамыг байгуулав. Үүнд:

-Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яам. Сайд Да лам Г.Цэрэнчимэд

-Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яам. Сайд Чин ван М.Ханддорж

-Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яам. Сайд Түшээт ван Г.Чагдаржав

-Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам. Сайд Далай ван Г.Гомбосүрэн

-Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яам. Сайд Эрдэнэ ван М.Намсрай ажиллаж байв. Эдгээр яам нь өдгөөгийн Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Батлан хамгаалах яам, Улсын дээд шүүхийн үүсэл юм. 1912 оны зун Дотоодын зэрэг олон яамны хамаг хэргийг бүгд ерөнхийлөн захирах сайд буюу Ерөнхий сайдын орон тоог бий болгож, Сайн ноён хан Т.Намнансүрэнг томилжээ.


Богд хаант Монгол Улсын төрийн сүлд, далбаа

***

Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны 12 дугаар сарын 29-нд эцэслэн Үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богд Жавзандамба хутагтыг шашин, төрийг хослуулан баригч, хэмжээлшгүй эрхт хаанд өргөмжилж, Олноо өргөгдсөн Монгол Улсыг байгуулсан өдрийг Монголчууд бид яагаад тэмдэглэх учиртай талаар эрдэмтэд ийнхүү ярьж байна.


Төрийн соёрхолт, түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан:

-12 дугаар сарын 29-ний өдөр бол Монголчуудын үндэсний баярын өдөр. Хуучнаар халх дөрвөн аймаг, Ховдын хязгаар нутаг буюу 1.5 сая хавтгай дөрвөлжин км нутаг газрын дээрх, доорх баялагтайгаа, төрийн уламжлалтайгаа монголчуудынх мөн гэдгийг түүхэнд нотолсон юм. Тусгаар тогтнол гэдэг бол бидний оршин тогтнохын хамгийн гол утга учир. Тиймээс энэ өдөр монголчууд монгол дээл хувцсаа өмсөж, монголоороо ярьж, монгол хоол ундаа идэж, өвөг дээдсэээс уламжлан ирсэн зүйлээ үр хүүхэддээ өвлүүлэх учиртай.


Түүхийн ухааны доктор Х.Мөнхбаяр:

-Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний өдөр бол 3.5 сая хүнээс гадна бусад монгол үндэстний хувьд хамааралтай. Бид монгол үндэстний найдлага, итгэл үнэмшил, бахархал нь. Бид байгаа учир бусад монгол үндэстэн ямар нэг бие даасан байдлаар онцлогоо авч үлдсэн. Тусгаар тогтнолын нэгэн илэрхийлэл нь тусгаар тогтнолын баяр юм. Монголын тусгаар тогтнолын баяр нь Богд хаан сууринд заларсны баяр болон Улсын баяраар уламжлагдсаар Үндэсний их баяр наадам болон хэлбэршин тогтсон. Монголын тусгаар тогтнолын баяр төлөвшихөд Богд хаан чухал үүрэг гүйцэтгэсэн юм.


Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Урангуа:

-Манай Ар Монголын үндэсний эрх чөлөөний удирдагчид бие биеэ олж, нэгдэж нягтарч, улмаар Үндэсний эрх чөлөөний хувьсгал хийх манлайлах хүчнээ тогтоож чадсан нь Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг ялалт, амжилтад хүргэсэн юм.

Холбоотой мэдээ