ХОВД: 2022 онд 88 удаагийн гамшиг, гал түймэр, ослын дуудлага бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын 2022 оны үйл ажиллагааны тайлангийн хурал өнөөдөр болов.
Тус
байгууллага энэ онд 30 гаруй нэр төрлийг ажлыг амжилттай хэрэгжүүлж, дээд шатны
байгууллагаас гаргасан тогтоол шийдвэр, дүрэм журам, албан даалгавар, үүрэг
чиглэлийн биелэлтийг хангажээ.
Бүсийн
харьяаны Онцгой байдлын байгууллагуудын алба хаагчдыг чадавхжуулах сургалт,
нөлөөллийн ажил, гамшиг ослын үед үүрэг гүйцэтгэхтэй холбоотой бэлтгэл бэлэн
байдлын дадлага сургуулилтууд, албаны техник
тоног төхөөрөмжийг сайжруулах ажлууд төлөвлөгөөний дагуу хэрэгжсээр байна.
Түүнчлэн
байгууллагын зүгээс гамшиг, онцгой байдлын үеийн хүмүүнлэгийн хариу арга
хэмжээг шуурхай хэрэгжүүлж, гамшгийн эрсдэлийг бууруулах, авран хамгаалах ажилдаа
ахиц дэвшил гаргаж байгаа талаар албаныхан хэллээ.
Ховд
аймгийн Онцгой байдлын байгууллагад 2022 онд 88 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл,
гал түймэр, ослын дуудлага бүртгэгдэж, алба хаагчид 20
хүний амийг авран хамгаалж, ослын голомтоос 8 иргэний цогцос гаргаж холбогдох
байгууллагад шилжүүлэн өгчээ.
Мөн
гамшиг, аюулт үзэгдлийн улмаас иргэн, хуулийн этгээдийн 717.7 сая төгрөгийн хохирол учирч, нийт 2.977 тэрбум
төгрөгийн
эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
Дээрх
ажил, гамшиг, ослын дуудлагаар давхардсан тоогоор 975 алба хаагч, 188 техник
хэрэгсэлтэй, сумдын онцгой комисс, гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, иргэдээс
381
хүн, 39 техник хэрэгсэл, 42 мотоцикл, 20 морь ашиглан
үүрэг гүйцэтгэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж, хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ховд аймгийн нутаг дэвсгэрт нийт 7330 ширхэг мод тарьж, “Онцгой төгөл” байгуулан арчилгаа, усалгааны ажил хийж байна.
Эрэн
хайх, аврах ажиллагаа болон бусад чиглэлд
мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужил, идэвх зүтгэл гарган ажилласан нэр
бүхий алба хаагчдын төлөөлөлд өнөөдөр шагнал, цол гардууллаа.