Японы Засгийн газрыг дэмжигчдийн тоо буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-12-26 10:50:49

ТОКИО. /Nikkei/. Японы Засгийн газрын нэр хүнд сүүлийн хоёр сард 2 суурь нэгжээр буурч, 35 хувьд хүрсэн нь Ерөнхий сайд Кишида Фүмиогийн засаглалын үеийн хамгийн муу үзүүлэлт болжээ. 


“Nikkei” сониноос явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, Засгийн газрын үйл ажиллагааг үл сайшаагчдын тоо өнгөрсөн сарынхтай харьцуулахад энэ сард 2 суурь нэгжээр өсөж, 57 хувь болсон байна. Улс орны батлан хамгаалах чадавхыг үндсээр нь бэхжүүлэх Японы Засгийн газрын шийдвэрийг хүн амынх нь дийлэнх нь дэмжиж байгаа боловч рейтинг нь унасаар байна. Санал асуулгад оролцогчдын 55 хувь нь энэ бодлогыг дэмжсэн бол 36 хувь нь эсэргүүцжээ.


Үүний сацуу, санал асуулгад оролцогчдын 84 хувь нь өсөн нэмэгдэж буй цэргийн зардлыг санхүүжүүлэх үүднээс татвар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй холбоотой Ерөнхий сайдын тайлбарыг хангалтгүй гэж үзэж байна. Японы эрх баригчид НАТО-гийн загвараар 2027 он гэхэд цэргийн зардлыг бараг хоёр дахин нэмэгдүүлж, ДНБ-ий 2 хувьд хүргэхээр төлөвлөж байгаа юм. 


12 дугаар сарын 23-25-ны хооронд явуулсан санал асуулгад мянга орчим хүн оролцсон байна. 


Холбоотой мэдээ