Японы шинэ зөөгч пуужинг ирэх онд хөөргөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2022-12-22 16:38:43

ТОКИО. /NHK/. Японы хүнд ангиллын “H3” шинэ зөөгч пуужинг ирэх оны хоёрдугаар сарын 12-нд баруун өмнөд Кагошима мужид байрлах Танэгашима сансрын буудлаас анх удаа хөөргөнө гэж "NHK" суваг сансрын салбарын эх сурвалжаас эш татан мэдээлжээ. 


Шинэ пуужингийн хөдөлгүүрийн туршилтыг Японы сансар судлалын агентлаг (JAXA) болон пуужин бүтээгч “Mitsubishi Heavy Industries” компани өнгөрсөн сард хөөргөх тавцан дээр хэд хэдэн удаа хийжээ. Туршилтууд амжилттай болсон бөгөөд ямар нэгэн асуудал илрээгүй байна.


Энэхүү пуужинг анх 2020 онд хөөргөхөөр товлосон байсан боловч үндсэн хөдөлгүүрт нь чичиргээ илэрсэн тул хойшлуулжээ.  


“H3” нь шингэн түлшээр ажилладаг, Японы хамгийн том зөөгч пуужин юм. 63 метр урт, 5.2 метрийн диаметртэй, 4-6.5 тоннын даацтай уг пуужин нь 2000-аад оны эхэн үеэс хойш ашиглаж байгаа “H2A” зөөгч пуужинг орлох ёстой. H2A” бол дэлхийн хамгийн найдвартай пуужингуудын нэг бөгөөд 45 удаагийн хөөргөлтийн 44 нь амжилттай болсон байна. 


“H3” нь пуужин хөөргөх зардлыг бараг хоёр дахин бууруулж, Токиог олон улсын арилжааны хиймэл дагуул хөөргөх зах зээлд илүү өрсөлдөх чадвартай болгоно гэж JAXA найдаж байна. Одоогийн байдлаар “H2A”-г нэг удаа хөөргөхөд 10 тэрбум иен (одоогийн ханшаар 75 сая ам.доллар) зарцуулдаг бөгөөд энэ нь дэлхийн бусад улс орнуудын хөөргөх ажиллагаатай харьцуулахад хамаагүй үнэтэй аж. 

Холбоотой мэдээ