“Агаарын бохирдлыг бууруулахад өрхийн түлшний сонголт чухал” хэмээн онцлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-08-28 21:49:08
oyuka_hu@yahoo.com

Өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах ажлын хүрээнд аймгийн Засаг дарга Д.Батлут Дархан-Уул аймгийн “Шарын гол” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Мөн кокжсон нүүрсний үйлдвэртэй танилцаж аймгийнхаа гэр хорооллын иргэдийн түлшний асуудлыг шийдвэрлэхээр “Нако түлш” ХК-ийн удирдлагуудтай уулзаж санал солилцсон юм.  “Нако түлш” ХК “Шарын гол” ХК-ийн охин компани бөгөөд эднийх нүүрсийг нүүрстөрөгчөөр баяжуулан боловсруулж шахмал, утаагүй түлш үйлдвэрлэдэг.  Үүнийгээ өнгөрсөн хоёр жилд Улаанбаатар хотын Баянгол дүүрэг болон Дархан-Уул аймагт нийлүүлсэн байна.

“Шарын гол” ХК-ийн “Нако түлш” компани Орхон аймагт хагас коксжсон нүүрсээ борлуулах цэг, менежментээ өөрсдөө зохион байгуулж харин орон нутагтай зөвшилцсөний үндсэн дээр борлуулах үнэ, байршлаа тодорхойлох юм. Өөрөөр хэлбэл, ченжүүдийн гараар дамжуулахгүйгээр үйлдвэрийн үнээр нь хэрэглэгчдэд шууд хүргэх боломжийг бүрдүүлэх ажээ. Засаг дарга Д.Батлут Дархан-Уул аймгийн “Шарын гол” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батбаатартай уулзах уулзалтын үед хэлэхдээ, “Юуны өмнө хоёр талын хийсэн судалгаагаа дахин нягталж нүүрсээ борлуулах байршлаа тогтоох, тээвэрлэлтийн асуудлаа шийдвэрлэх,  жижиглэнгээр борлуулах үнийг тогтоохын тулд төр, засгаас дэмжлэг авах гарц хайх нь нэн түрүүний ажил”  хэмээсэн юм. Эцэст нь “Агаарын бохридлыг бууруулахад өрхийн түлшний сонголт чухал” гэдгийг онцлов.

                                                                                                                     Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ