АРХАНГАЙ: Эрэгтэйчүүдийн эрт илрүүлэг шинжилгээнд хамрагдалтыг нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-12-13 16:53:44

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрүүл мэндийн газраас "Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих, эрт илрүүлэг шинжилгээнд хамрагдалтыг нэмэгдүүлэх" цогц арга хэмжээг 2022 онд хэрэгжүүлж байгаа.


Тус арга хэмжээний хүрээнд Чулуут суманд энэ сарын 12-нд "Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өдөрлөг"-ийг аймгийн Нэгдсэн эмнэлэг, сумын ЗДТГ, ЭМТ, Ерөнхий боловсролын сургуультай хамтран зохион байгуулжээ.


Өдөрлөгт 100 гаруй эрэгтэй төрийн албан хаагчид, малчид оролцсон ба өдөрлөгт хүрэлцэн ирсэн эрэгтэйчүүдийг эрүүл мэндийн сургалтад хамруулан, эрэгтэйчүүдийн эмчийн үзлэгт хамруулсан байна.

 

Чулуут суманд болсон өдөрлөгийг аймгийн ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтнүүд, "Ирээдүйн босго өсвөр үеийн төв"-ийн эмч, мэргэжилтнүүд болон аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрэгтэйчүүдийн эмч, сумын ЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулжээ.

 

Аймгийн Эрүүл мэндийн газраас "Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өдөрлөг"-ийг анх удаа хөдөөгийн суманд зохион байгуулсан бөгөөд цаашид өргөжүүлэн бусад суманд зохион байгуулж, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих, эрт илрүүлэг шинжилгээнд хамрагдалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

 

Эрчүүдийн нас баралтын тэргүүлэх 3 шалтгаан нь зүрх судасны тогтолцооны өвчин, хавдар, осол гэмтэл буюу гаднын нөлөөлөл дээр нь амьдралын буруу хэмнэл, хорт зуршил, анхаарал хайхрамжгүй байдал зэрэг нь эрүүл мэнд, амь насанд хохирол учруулах эрсдэлт хүчин зүйлс болдог байна. Эрэгтэйчүүдийн хувьд эдгээр асуудлуудад зохих ёсны анхаарал хандуулдаггүйн улмаас дээрх үр дагавар бий болох үндсэн шалтгаан болж байна. Биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийг хадгалахад өөрт анхаарал халамж тавихаас гадна мэргэжлийн эмч, эмнэлгийн байгууллагад тогтмол хандаж үзлэг шинжилгээнд хамрагдаж байх шаардлагатайг мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд хэллээ.

 

Эрчүүдийн наслалт нь 2021 онд улсын хэмжээнд 67,5 байсан бол Архангай аймагт 69 байна. 

Холбоотой мэдээ