КАТАР-2022: Хорватын баг дэлхийн 5 удаагийн аварга Бразилын шигшээг нутагт нь буцаав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-12-10 11:13:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Катар 2022" ДАШТ-ий шөвгийн наймын эхний тоглолт ДАШТ-ий мөнгөн медаль Хорват болон дэлхийн 5 удаагийн аварга Бразилын хооронд өрнөж тэд өгөгдсөн цагтаа 1:1-ээр оноо тэнцэж, 11 метрийн торгуулийн /пенальт/ цохилтоор ялагчийг тодруулахад Хорватын шигшээ баг 4:2-оор хожиж ¼ шигшээд шалгарлаа.


Бразилчууд энэ ДАШТ-д ур чадвараар давамгайлан тэргүүлсээр шөвгийн наймд төвөггүй гарч ирсэн ч бөмбөг бөөрөнхий гэдгийг нотолж Хорватын хамгаалалтыг сэтэлж чадаагүй бөгөөд үндсэн цагаа дуустал аль ч тал нь өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулсангүй.


Харин нэмэлт цаг сунгахад Бразилын довтлогчид Хорватын хамгаалагчдыг хэд хэд давсан ч хаалгач Ливаковичийг гэтэлж чадалгүй байсаар 105+1 дэх минутад Неймар тоглолтын эхний гоолыг оруулж Бразил тэргүүлж эхлэв. Тэрбээр шигшээ багтаа 77 дахь гоолоо оруулж домогт тоглогч Пелетэй тэнцлээ.


Энэ мөчид хорватчууд довтолгооны сэлгээ оруулж Мислав Оршич эхний хүрэлтээр дамжуулж Бруно Петкович 117 дахь минутад гоол оруулж тэнцүүлсэн юм.


Ингээд 2 баг пенальт цохихоор болсон. Хорватын хаалгач Доминик Ливакович торгуулийн эхний цохилтыг хааж Бразилчуудыг сандаргасан. Улмаар Хорватын шигшээ баг 4:2-оор 5 удаагийн дэлхийн аварга Бразилыг хожиж хагас шигшээд шалгарч, Неймар, Алиссон, Ричарлисон, Касемиру, Тиагу Силва тэргүүтэй шилдгүүд гэртээ харихаар боллоо.


“Катар-2022” ДАШТ-ий шөвгийн наймд тунасан багуудын 2 дахь тоглолт өнгөрсөн /12.09/ шөнө Нидерланд - Аргентины шигшээ багуудын хооронд өрнөж хоёр баг 2:2-оор тэнцсэнээр, 11 метрийн торгуулийн цохилтоор ялагчийг тодруулахад 4:3-аар дэлхийн хошой аварга Аргентины шигшээ баг “Улбар шарууд”-ыг буулган  авч, ДАШТ-ий ¼ шигшээд шалгарлаа.  


Энэхүү тоглолтын 34 дэх минутад Науэл Молина /Nahuel Molina/ “Улбар шарууд” хаалганд гоол оруулж Аргентины шигшээ баг тэргүүлж эхэлсэн. Улмаар 73 дахь минутад 11 метрийн торгуулийн цохилтыг Л.Месси /Lionel Messi/ амжилттай гоол болгож Аргентин тэргүүллээ баталгаажуулсан.


Харин 2 багийн тулааны 83 болон 90+11 минутад сэлгээгээр орж ирсэн Ваут Вегхорст /Wout Weghorst/ 2 гоол дараалан оруулснаар тоглолт тэнцээгээр өндөрлөж, 11 метрийн торгуулийн цохилтоор ялалтыг шийдвэрлэхэд Эмилиано Мартинез эхний 2 цохилтыг хамгаалж чадсанаар аргентинчууд 4:3-аар хожиж ДАШТ-ий медалийн төлөө өрсөлдөх эрхтэй боллоо. 

Холбоотой мэдээ