АРХАНГАЙ: Аудитаар 6,215.0 сая төгрөгийн зөрчил илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-12-09 10:17:00

Архангай /МОНЦАМЭ/. Төрийн аудитын газраас орон нутгийн 2023 оны төсвийн төсөлд дүгнэлт өгөх гүйцэтгэлийн аудитыг өнгөрөгч 11-р сарын 20-нд хийжээ. 


Аудитыг Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.2, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Ерөнхий аудиторын ”Аудитын жилийн төлөвлөгөө батлах тухай” 2022 оны А/12 дугаар тушаалын дагуу гүйцэтгэсэн байна.


Архангай аймгийн 2023 оны орон төсвийн төслийг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулсан эсэхэд аудит хийж дүгнэлт гарган төсвийн орлого нэмэгдүүлэх, төсвийн зарлагыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх талаар санал зөвлөмж боловсруулж, аймгийн ИТХ-д хүргүүлэн, олон нийтэд мэдээлэхэд аудитын зорилго чиглэгджээ.


Аймгийн Засаг дарга нь тухайн жилийн төсвийн төслийг Төсвийн тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэн боловсруулж, Төрийн аудитын байгууллагад жил бүрийн 11 дүгээр сарын 20-ны дотор хүргүүлж, аймгийн ИТХ-д өргөн мэдүүлэх үүрэгтэй.

Аудитын явцад Архангай аймгийн 2022 оны төсөв, төсвийн тодотгол, 2022 оны батлагдсан төсөв, хүлээгдэж байгаа гүйцэтгэл, аймгийн Засаг даргаас Сангийн яаманд хүргүүлсэн 2023 оны жилийн төсвийн төсөл, Сангийн Яамнаас хянаж ирүүлсэн тооцоо, холбогдох мэдээлэл, аймгийн ИТХ-д өргөн мэдүүлэх төсвийн төсөл, аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс болон Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, БОАЖГ, ОЧГСГЗ, Татварын хэлтэс, сумдын татварын байцаагч болон төсвийн орлого бүрдүүлдэг зарим байгууллагаас ирүүлсэн судалгаа, мэдээлэл, орлого, зардал, төсөвтэй холбоотой тайлан, мэдээ, судалгаа, өмнөх онуудын аудитын тайлан, аймгийн ИТХ-д хүргүүлсэн санал дүгнэлт зэрэгт үндэслэн нөхцөл байдлыг тодорхойлон дүн шинжилгээ хийжээ.


Аудитаар илэрсэн зөрчлийн талаар:

Аудитаар нийт 6,215.0 сая төгрөгийн зөрчил дутагдал илэрсэн. Үүнээс ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн 2022 оны орлогыг дутуу тооцоолж, ногдуулсан 2.5 сая төгрөгийг ашиглагч нараас төсөвт буцаан төлүүлэх төлбөрийн акт тогтоон барагдуулж, аймгийн Орон нутгийн хөгжлийн сан, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, авто замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 6,212.4 сая төгрөгийн 53 төсөл арга хэмжээг Төсвийн тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуулиуд болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн төлөвлөөгүй зөрчлийг таслан зогсоох, арилгуулах албан шаардлагыг аймгийн Засаг даргын орлогч, Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга нарт хүргүүлсэн.


Орон нутгийн 2023 оны төсвийн төсөлд орлого нэмэгдүүлэх, зардал хорогдуулах, төсвийн зарлагын үр ашгийг дээшлүүлэхээр хүргүүлсэн саналын талаар:


Орлого нэмэгдүүлэх санал:

Аудитын явцад цуглуулсан баримт, холбогдох мэргэжлийн байгууллагуудын ирүүлсэн санал, орлогын давтан тооцоолол зэрэгт үндэслэн дараах орлогуудыг нийт 164.2 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг гаргаж хүргүүлсэн. Үүнд:

· Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй хөрөнгө борлуулсны орлого болон түрээсийн орлогыг 30.0 сая төгрөгөөр

· Усны нөөц ашигласны төлбөрийн орлогыг 11.4 сая, рашааны нөөц ашигласны орлогыг 20 сая, нийт 31.4 сая төгрөгөөр

· Газрын дуудлага худалдааны орлогыг 102.8 сая төгрөгөөр


Зардал бууруулах санал:

Орон нутгийн 2023 оны төсвийн төсөлд зардал бууруулах дараах саналыг гаргаж хүргүүлсэн.  Үүнд:

Сангийн яамнаас 2023 онд орон тоог 685 байхаар хянасныг 2022 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээрх тоотой тулгахад орон нутгийн төсөвт байгууллагууд 702 орон тоотой буюу 17 орон тоо илүү ажиллаж байна. Иймд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг 15 дугаар зүйлийн 15.1.2-т “Чиг үүрэг, орон тоог давхардуулан тогтоох”, Төсвийн тухай хуулийн 16.5.3 “Батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох” гэсэн заалтуудыг хэрэгжүүлэн шинээр ажлын чиг үүрэг, албан тушаал бий болгохгүй, чиг үүргийн давхардлыг арилгах арга хэмжээг авч, орон тоог бууруулан төлөвлөж, цалингийн зардлыг хэмнэх

Төсвийн үр ашгийг дээшлүүлэх санал:

Аймгийн ОНХС, авто замын сан, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг Төсвийн тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуулиудад нийцүүлэн иргэд, олон нийт эдийн засгийн үр ашгийг нь хүртэхүйц үр өгөөжтэй төсөл арга хэмжээг төлөвлөж, батлан хэрэгжилтийг хангуулснаар төсвийн үр ашгийг дээшлүүлэх

 

Аудитын дүгнэлт, аймгийн ИТХ-д хүргүүлсэн саналын талаар:

Аудитын нээлтийг орон нутгийн төсвийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүд, холбогдох байгууллагуудын удирдлага, мэргэжилтнийг оролцуулан өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд аудитын явцад ажлын хэсэгтэй 2 удаа уулзалт хийж, аймгийн ИТХ-ын төсөв санхүү, эдийн засаг хөгжлийн бодлогын хорооны хуралдаанд аудитын дүгнэлтийг танилцуулж тайлбар хийсэн байна. 


Аудитаар дараах дүгнэлтийг хийжээ.

1.  Орон нутгийн 2023 оны төсвийн орлогыг 164.2 сая төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой.

2. Орон нутгийн удирдлагын байгууллагын орон тоог 17-оор бууруулж, Төрийн хэмнэлтийн тухай болон Төсвийн тухай хууль, Засгийн газрын тогтоол шийдвэрийн хүрээнд шинээр ажлын чиг үүрэг, албан тушаал бий болгохгүй, чиг үүргийн давхардлыг арилгах  Сангийн Яамнаас хянасан орон тоонд  багтан  цалингийн зардлыг хэмнэж ажиллах  нь зүйтэй.

3. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр төсөвлөсөн нийт 6,212.4 сая төгрөгийн 53 төсөл арга хэмжээ нь урсгал зардал, цаашид төсөвт үзүүлэх нөлөөллийг тооцоогүй, ашиглагч байгууллагын хүсэлт, ТЭЗҮ, зураг төсөв, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэх мэт шаардлага шалгуур хангасныг нотлох баримтгүй, Төсвийн тухай, Төрийн хэмнэлтийн тухай, Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиудын холбогдох заалтуудыг зөрчсөн, аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдаагүй байна.

4. Аймгийн ОНХС-ийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нийт 4,278.3 сая төгрөгийн 21 төсөл, арга хэмжээг хууль журмын дагуу иргэд олон нийтэд танилцуулж хэлэлцүүлээгүй, эдийн засгийн болон нийгмийн ач холбогдлоор нь эрэмбэлэх арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй байна.

5.  Хөрөнгө оруулалтын арга хэмжээг төлөвлөх, гүйцэтгэх, тайлагнах журмын хэрэгжилт хангалтгүй, орон нутгийн түвшинд баримтлах хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогогүйгээс аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний 59.3 хувь буюу 2,540.0 сая төгрөгийг аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн саналд үндэслэн төлөвлөсөн байна. 

6. Аймгийн 2023 оны төсвийн төслийг боловсруулах явцад төслийг иргэд, олон нийтэд танилцуулах, иргэдийн саналыг хүлээн авах ажлыг зохион байгуулаагүй,  Төсвийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь заалтыг хэрэгжүүлээгүй байна.

7. Орон нутгийн 2022 оны төсвийн төслийн дүгнэлт, өмнөх аудитаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй, зөрчил дутагдал давтагдсан хэвээр байгаа бөгөөд нааштай үр дүн гараагүй нь өмнөх дүгнэлтийн ач холбогдол, үр нөлөөг бууруулж, төсвийн сахилга, хариуцлага хангалтгүй байна гэжээ.


Төрийн аудитын газраас орлого нэмэгдүүлэх, зардал бууруулах, үр ашиг дээшлүүлэх талаар гаргасан саналуудыг орон нутгийн 2023 оны төсвийг батлахад харгалзан үзэхийг аймгийн ИТХ-д толилуулсан ба хариу албан тоот ирээгүй байгааг аймгийн Аудитын газраас мэдээллээ. 


Холбоотой мэдээ