СЭЛЭНГЭ: Гэр бүлийн хүчирхийллийн 90 хувь нь согтуугаар үйлдэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-12-06 18:50:47

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2022 оны эхний 11 сарын байдлаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн зөрчил 514 бүртгэгджээ. Эдгээрийн 90 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна.

Цагдаагийн байгууллагаас дээрх төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлээр улсын хэмжээнд “Нандин бүхнээ хамгаалъя” аяныг өрнүүлж байна.   

Монгол Улсын хэмжээнд өрнүүлж байгаа “Нандин бүхнээ хамгаалъя” аянд нэгдэхийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас уриаллаа.

Энэ жилийн аяны тухайд гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход эрэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг дээшлүүлэх чиглэл рүү онцгой анхаарч байгаа нь өмнөх аянуудаас онцлогтой юм.    

Аяны хүрээнд гэр бүл бүхэн асуудлыг ярилцаж, ойлголцох замаар шийдвэрлэх. Мөн харилцан бие биедээ хүндэтгэлтэй хандах хандлагыг төлөвшүүлэх. Цаашлаад хүчирхийллийг мэдсэн даруйдаа мэдээлдэг байх ёс суртахууныг нийгэмшүүлэх агуулга бүхий нөлөөллийн кампанит ажлуудыг хийж байгаа аж.

Тодруулбал, аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэхүү аянд идэвхтэй оролцож, өөр өөрсдийн боломжит сувгаар хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдээллийг иргэдэд дамжуулах.

“Цагаан тууз" зүүж хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн дэргэдүүр дуугүй өнгөрөхгүй, хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй гэсэн амлалтад нэгдэх.

Хүчирхийллийн хохирогчдод таны тусламж хэрэгтэй бөгөөд зарим тохиолдолд хохирогч хаана хандахаа ч мэдэхгүй байдаг. Түүнчлэн айдас, хүйдэст автсан ч байж болзошгүй учраас түүнд заавал туслах ёстой гэсэн нөлөөллүүдийг ойлгож, эзэмшиж, хүчирхийлэлгүй нийгмийн төлөө хамтдаа зүтгэж, аянд нэгдэхийг Аймгийн Цагдаагийн газраас уриаллаа.

 

Холбоотой мэдээ