"Токио-2020"-ийн медалийг хаягдал цахилгаан бараанаас ялгаж авсан үнэт металлуудаар хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-08-26 13:37:29

ТОКИО. /Nikkei Asian Review/. Цахилгаан бараа үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгчдийн нэг Япон улс 2020 оны Токиогийн Олимпын медалиудыг эвдэрч, хэмхэрсэн болон хэрэглээнээс гарсан хэдэн сая цахилгаан бараанаас ялгаж авсан түүхий эдээр хийхээр төлөвлөж байна.

Японд жилд хэдэн сая цахилгаан бараа болон төхөөрөмж хог дээр хаягддаг аж. Ийм хаягдлуудаас 2020 оны Токиогийн зуны Олимп болон Паралимпын медалиудыг бүгдийг нь хийхэд хүрэлцэхүйц хэмжээний үнэт металл гарна гэж мэргэжилтнүүд тооцоолж байгаа аж.

Японы Олимпын хороо мэдэгдэхдээ “бид хаягдал цахилгаан хэрэгслээс алт, мөнгө болон зэсийг ялган авч Олимпын медалиудыг хийхийг зорьж байна” гэв.

Ашигт малтмалын нөөц багатай Япон улс нь техник технологи болон цахилгаан бараа үйлдвэрлэлээрээ дэлхийд алдартай юм.

Албан ёсны мэдээнээс үзвэл, дэлхийн нийт алтны 16 орчим хувь болон мөнгөний 22 хувь нь Японд үйлдвэрлэсэн ахуйн хэрэглээний электрон бараанд агуулагдаж байдаг гэнэ.

Өөр ямар ч улсад, тэр байтугай экспортлогч орнуудад ч үнэт металлын ийм их нөөц байхгүй ажээ.

2014 онд 143 кг алт, 1566 кг мөнгө болон 1112 тонн зэс бүхий цахилгаан бараа Японы хог дээр хаягдсан байна. Өөрөөр хэлбэл, “Лондон-2012”-ын бүх медалийг хийгээд хангалттай илүү гарах хэмжээний үнэт металлыг япончууд 2014 онд хог дээр хаяжээ.

Лондоны Олимпын бүх медалийг хийхэд 9.6 кг алт, 1210 кг мөнгө болон 700 кг зэс орж байсан юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ