Төв Азийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт Токиод эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2022-12-01 10:49:28

ТОКИО. /TASS/. Төв Азийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт (Central Asia Investment Forum 2022) пүрэв гарагт Японы нийслэл хотноо эхэллээ. 


"Тогтвортой өсөлтийн гүүр бий болгох нь" уриан дор болж буй уг чуулганыг Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Японы Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк, Японы олон улсын хамтын ажиллагааны агентлагтай хамтран зохион байгуулж байгаа юм. 


Чуулга уулзалтад Казахстаны шадар сайд бөгөөд Сангийн сайд Ерулан Жамаубаев, Киргизийн Засгийн газрын тэргүүн Акылбек Жапаров, Эрчим хүчний сайд Таалайбек Ибраев, Тажикастаны тэргүүн шадар сайд Давлатали Саид, Туркменистаны Санхүү, эдийн засгийн сайд Мухамметгелди Сердаров, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Төв Ази болон Монгол Улсыг хариуцсан гүйцэтгэх захирал Жужанна Харгитай нар, түүнчлэн бүс нутгийн бизнес эрхлэгчдийн төлөөлөгчид оролцож байна. 


Нэг өдөр үргэлжлэх уулзалтад оролцогчид Төв Азийн худалдаа, хөрөнгө оруулалттай холбоотой асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн бүс нутгийн эрчим хүчний салбарын өөрчлөлт, ногоон эрчим хүч, дэвшилтэт дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэхээр хэд хэдэн хуралдаан зохион байгуулна. 


Японы эрх баригчид сүүлийн үед Төв Азийн орнуудтай харилцаагаа хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж байгаа юм. 11 дүгээр сард Токио хотноо Япон болон Төв Азийн орнууд хоорондын найрамдлын төлөөх парламентын гишүүдийн холбоо байгуулагдсан. Тус холбоог эрх баригч Либерал Ардчилсан намын орлогч дарга, Ерөнхий сайд асан Таро Асо тэргүүлжээ. 12 дугаар сарын эцсээр мөн Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан, Узбекистаны Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг Токиод зохион байгуулахаар төлөвлөсөн байна. 

Холбоотой мэдээ