АЙЛЧЛАЛ: Морин хуурын чуулга Японы алдарт "Эн-Эйч-Кэй" их танхимд тоглов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-11-30 23:12:11

Токио /МОНЦАМЭ/. Морин хуурын чуулга Монгол, Япон Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан хүндэтгэлийн тоглолтоо Японы алдарт "Эн-Эйч-Кэй" их танхимд энэ сарын 30-нд толилууллаа.


Энэ нь тус танхимд Монгол Улсаас бүрэн хэмжээний тоглолтоо сонирхуулж байгаа Монголын анхны найрал хөгжим болж байна.

Морин хуурын чуулгын хүндэтгэлийн тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако нар үзэж сонирхов.

Тоглолтын найруулагчаар Монгол Улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров ажиллажээ.


Тэрбээр хэлэхдээ, “Монгол Улсын морин хуурын чуулга "Эн-Эйч-Кэй” их танхимд тоглоно гэдэг дэлхийн дээд түвшний театрт тоглох боломжоо баталгаажууллаа. Хамгийн өндөр түвшний тайзан дээр ямар нэг шалгуургүй тоглоно гэдэг түүхэн үйл явдал юм. Үүнээс хоёр орны харилцаа эдийн засгаас илүү оюуны харилцаа руу хүчтэй явах нь харагдаж байна. Учир нь Японы Цог Жавхлант Эзэн Хаан өөрийн биеэр ирж энэхүү тоглолт үзэж сонирхон, маш таатай хүлээж авсан. 2007 онд ханхүү байхдаа Монгол Улсад айлчилж, Морин хуурын чуулгын тоглолтыг үзэж байсан юм. Түүнийхээ тухай онцлон, дурсаж байна. Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан ковидоос хойш анх удаа манай улсын Ерөнхийлөгчийг хүндэтгэн олон нийтийн үйл ажиллагаанд оролцож байгаа юм байна. Тоглолтод орчин цагийн болон бүх цаг үеийн сонгодог хөгжмийг  тоглохыг хичээсэн. Мөн японы алдартай дуу, хөгжмийн бүтээлүүдээс ч сонордууллаа. Цаашид хоёр орны хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлэх нь тодорхой байна. Морин хуурын чуулга дэлхийн олон танхимд тоглож байсан туршлагатай. Иймдээ ч тоглолтыг бэлдэхэд хүндрэл байсангүй” гэв.


Монгол Улсын Морин хуурын чуулга үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн энэ жил тохиож буй. Морин хуурын чуулга 1992 онд анх байгуулагдаж, өнгөрсөн 30 жилийн хугацаанд ЮНЕСКО болон Япон, БНХАУ, БНСУ, Австри, Швейцарь, Канад, Турк, АНУ, Франц, Герман, Итали, ОХУ зэрэг дэлхийн 30 гаруй орны нэр хүндтэй театрын тайзнаа олон гайхамшигтай уран бүтээлийг туурвиж, үндэсний өв соёлоо хадгалан хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ эх орноо гадаадад сурталчлан таниулахад чухал хувь нэмэр оруулсан юм.


Морин хуурын чуулга 1997 онд анх Японы үзэгчдэд тоглолтоо толилуулж байсан түүхтэй. Тус чуулгын хамгийн олон удаа тоглосон орон нь Япон бөгөөд 1997-1998, 2001-2007, 2009-2013, 2016 онд тус тус тоглож байв. 


Ташрамд дурдахад, Монгол Улс, Япон Улсын найрамдалт харилцаа, соёл урлагт үзүүлж байгаа хувь нэмрийг үнэлж 2018 онд Япон Улсын Гадаад Хэргийн сайдын өргөмжлөл хүртээж, 2022 онд “Монгол Улсын Соёлын элч”- ээр томилсон юм. Тус чуулгын авьяаслаг хамт олон 30 жилийн хугацаанд дэлхийн 30 гаруй улсад, 85 удаагийн аяллаар 650 тоглолт хийжээ. 





Холбоотой мэдээ