ӨВӨРХАНГАЙ: Төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй байх үүрэг өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-11-29 10:55:53

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Төрийн үйлчилгээний төвийн 70321111 утсаар өнгөрөгч долоо хоногт 11 иргэн хандаж, долоон асуудлаар санал хүсэлтээ илэрхийлжээ. Мөн 807 иргэн төрийн үйлчилгээг нэг цэгээс авсан байна.


Аймгийн БОЭТ-ийн шүдний эмч хүүхдийн эрүүл шүдийг авсан, Цагаанбургалтайн байранд халаалт муу байгаа, махны үйлдвэр ажилчдынхаа нийгмийн даатгалыг төлөхгүй байна гэхчлэн гомдол иржээ. Мягмар гараг бүрийн 10.00 цагаас хуралддаг Шуурхай хуралдаанаар иргэдийн санал гомдлын шийдвэрлэлтийг хэлэлцэн аймгийн удирдлагаас үүрэг чиглэл өгдөг уламжлалтай. Өнөөдөр аймгийн Засаг дарга А.Ишдорж хэлтэс, агентлагийн дарга нарт хандан дараах үүрэг чиглэлийг өглөө.



- 12 дугаар сарын 2-нд болох аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанд дарга удирдлагууд өөрсдийн биеэр оролцож, Төлөөлөгчдийн асуултад хариулт өгөх;

- Ханиад томуу их, ковидын шинэ хувилбар тархаж байгаа энэ хүнд үед байгууллага, хамт олноороо шинэ жил тэмдэглэх, нийтийг хамарсан уралдаан, тэмцээн зохион байгуулахыг хязгаарлах, шинэ жилийн арга хэмжээг төсвийн хөрөнгөөр зохион байгуулахгүй байх;

- Хүн, малын эмийн үнэ өртөгт хяналт тавих

- Орон сууцны халаалт, дулааны асуудалд онцгой анхаарахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Холбоотой мэдээ