Нийслэлийн 2023 оны төсвийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын ээлжит хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн 2023 оны төсвийн төслийг танилцууллаа.
Нийслэлийн
2023 оны төсвийн төслийг www.ulaanbaatar.mn цахим хуудсанд
байршуулан, иргэдийн саналыг авч,
нийслэлийн Иргэний танхимд 9 дүүргийн 300 гаруй иргэнийг хамруулан хэлэлцүүлэг зохион байгуулахад
455 санал иржээ. Тодруулбал, нийтийн тээврийн чанар хүртээмжийг сайжруулах, үерийн хамгаалалтын барилга,
байгууламжийг өргөтгөх, ннийтийн
эзэмшлийн зам талбайн тохижилт, ногоон байгууламж, гэрэлтүүлгийг нэмэх, явган болон дугуйн
зам барих, авто замыг өргөтгөн шинэчлэх, засах, гэр хорооллын айл өрхийн цахилгаан хангамжийг нэмэх, орон сууцны дээвэр, цахилгаан шатны
засвар, дулаалга, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг засах шинэчлэх зэрэг санал голчлон иржээ. Эдгээр саналыг нийслэлийн төсвийн санхүү, боломжит эх үүсвэрийн хүрээнд судлан,
төсвийн төсөлд тусгасан аж.
Төсвийн төслийг боловсруулахдаа төсвийн
бүх шатны байгууллага, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд Төрийн
хэмнэлтийн тухай хуулийг үргэлжлүүлж, санхүүгийн сахилга батыг мөрдөнө. Төрийн албаны цалин хөлсний
тогтолцоог бүтээмжтэй уялдуулан шинэчилж, төсвийн хөрөнгө оруулалтын үр
өгөөжийг сайжруулах, өмнөх жилүүдэд эхлүүлсэн төслийг дуусгах, ирэх онуудад шинээр хэрэгжүүлэх төслийн бэлтгэлийг бүрэн хангахаа Хотын дарга
онцлов.
2023 оны төсвийн орлогын төлөвлөгөө нь 2022 оныхоос 2.2,
хүлээгдэж буй гүйцэтгэлээс 13.1 хувиар,
2021 оны гүйцэтгэлээс 46.7 хувиар өссөн дүнтэй байна. Хотын шуудын төсвийн хувьд 40 тэрбум орчим
төгрөгийг татвар төлөгч иргэдийн хувь хүний орлогын албан татварын буцаан
олголт хэлбэрээр хууль тогтоомжийн дагуу буцаан олгохоор тооцжээ.
Харин Нийслэлийн 2023 төсвийн урсгал зардлын төсөлд дараах
томоохон ажлыг тусгав.
Тухайлбал,
1.Нийслэл,
дүүргийн орон нутгийн төсвөөс санхүүжиж буй 109 төсвийн байгууллагын 7141
төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл
2.Нийслэл,
дүүргийн нутгийн захиргааны байгууллага болон харьяа, төсөвт байгууллагуудын
барилга, байгууламжийн ашиглалттай холбоотой тогтмол зардал
3.Холбогдох
хуулийн дагуу 177.8 мянган ахмад настан, 52.3 мянган хөгжлийн бэрхшээлтэй
иргэн, 104.2 мянган оюутан, 17.7 мянган МСҮТ-ийн сурагч, 6.1 мянган цагдаагийн
албан хаагчийг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулах нөхөн
олговрын зардал
4.Нийтийн
тээврийн үйлчилгээний машин цагийн зөрүү санхүүжилт, сургуулийн автобусны
үйлчилгээний дэмжлэг
5.Нийслэл,
дүүргийн хот нийтийн аж ахуй, тохижилт үйлчилгээний зардал /зам замын
байгууламж, цэвэрлэгээ үйлчилгээ/
6.Сайжруулсан
түлшний тээвэрлэлт, борлуулалт, хадгалалт, хяналтын зардал
7.Гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх зардал
8. 1100
орчим иргэнд олгох онцгой тохиолдлын болон амьжиргаа дэмжих тэтгэмж, 7.3 мянган
иргэнд үзүүлэх олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ
9.Нийгмийн
халамжийн сангийн зардал
10.Нийслэлийг
2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн хөгжлийн 2023
оны төлөвлөгөөг хэрэгжүүлэх зардал
11.“Улаанбаатар
2023” Зүүн Азийн Залуучуудын наадмын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах
зардал
12.Түрээсийн
орон сууц хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 2019 оны тогтоолоор Улаанбаатар
хотод шилжүүлсэн “Буянт Ухаа-2” хорооллын 972 айлын орон сууцны Монгол Улсын
Хөгжлийн банканд төлөх хүүгийн төлбөр
13.Нийтийн
тээврийн парк шинэчлэл хийхэд зориулж үүсгэсэн орон нутгийн зээллэгийн Монгол
Улсын Хөгжлийн банканд 2023 онд төлөх төлбөр
14.ЖДҮҮ, бичил бизнесийг дэмжих зардлыг
тооцоолон тусгажээ. Дээрх зардлын 74.5 хувийг хотын шуудын урсгал зардалд, 25.5
хувийг 9 дүүргийн урсгал
зардалд тусгах юм.
Нийслэлийн 2023 төсвөөр гүйцэтгэхээр төлөвлөсөн бүтээн
байгуулалтад нийтийн тээврийн парк шинэчлэл, тойрог замын бүтээн байгуулалт, 4 байршлын 10.2 км гол гудамж, зам,
930 метр урт гүүрний барилга, 9 байршлын 12.3 км туслах зам, 30 метр
урт гүүрэн байгууламж, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх
ажил багтжээ. Мөн Наркологийн эмнэлгийн барилгыг буулган шинээр барих,
нийслэлийн харьяа эмнэлгийн засвар шинэчлэл, гэр хорооллын дахин төлөвлөлт хийх
байршилд дэд бүтэц тавих, ус
хангамжийн эх үүсвэр, нэгдсэн хяналтын төв байгуулан тоноглох ажил байгаа. Түүнчлэн төрийн үйлчилгээг
сайжруулах чиглэлээр хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн 3 цогцолбор, нийслэлийн Архивын барилгыг
үргэлжлүүлэн барихаар төлөвлөжээ.
Төсвийн төслийн талаар НИТХ-ын
төлөөлөгчид асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, нийслэлд тулгамдаад буй
асуудлыг эрэмбэлэн, орлого бүрдүүлж болох эх үүсвэр, зардлаа хэрхэн танаж байгааг танилцуулах, иргэдийн амарч зугаалах
ногоон байгууламж бүхий орчныг нэмэх, эрүүл мэндийн салбарын чанар хүртээмжийг
сайжруулахад анхаарах, гэр бүлийн өрхийн орлогыг нэмэх, хөдөлмөр эрхлэлтийг
дэмжихийг төсөвт тусган
хэлэлцүүлэх санал гаргалаа. Улмаар
Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг хороо, намын бүлгийн хуралдаанаар хэлэлцэхээр шилжүүлэв. Үүний дараа Нийслэлийн төсвийн 2 дугаар хэлэлцүүлгийг зохион байгуулахыг нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар мэдээллээ.