Хариуцлагатай байх нь шинэ зууны бизнесийн үндсэн чиг хандлага болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-11-25 16:49:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Компанийн нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн зөвлөл НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “НҮБ-ын Даян дэлхийн гэрээ”-ний талаар хувийн хэвшилтэй хийх уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.


НҮБ-ын Даян дэлхийн гэрээ нь дэлхий даяарх бизнесийн тогтвортой байдал, нийгмийн хариуцлагын бодлогыг хэрэгжүүлэхэд түлхэц өгөх зорилготой, 2000 оноос хэрэгжиж буй томоохон санаачилга юм. Манай улс энэхүү санаачилгад 2006 онд нэгдэн, бизнесийн төлөөллийн гол байгууллага МҮХАҮТ-аар дамжуулан Даян дэлхийн гэрээний үндсэн зорилтуудыг дэмжин ажиллаж байна.



Бизнест ашиг орлогыг голчилдог уламжлалт байдал өөрчлөгдөж, тогтвортой хөгжил, байгаль орчин, хүний эрхийн асуудал салшгүй хэсэг нь болж байна.


Өнөөдрийн уулзалтаар энэ талаар дэлгэрэнгүй танилцуулж, олон улсын болон компанийн сайн туршлагаас хуваалцав. НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра хэлэхдээ, “НҮБ болон Монгол Улсын Засгийн газар “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийг анх удаа байгуулсан. Энэхүү хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлэх нь олон талт түншлэлээс шууд хамааралтай”-гэв.


Тэрбээр, Хүний хөгжил, ногоон, тэгш хүртээмжтэй тогтвортой өсөлт, хүн төвтэй засаглал, хууль дээдлэх ёс, хүний эрх гэсэн стратегийн тэргүүлэх чиглэлтэй баримт бичгийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо чухал гэдгийг тэмдэглэсэн юм.

МҮХАҮТ-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан “Компанийн нийгмийн хариуцлага, тогтвортой байдал, хүрээлэн буй орчны асуудал, хариуцлагатай бизнес нь шинэ зууны бизнесийн үндсэн чиг хандлага болж буй”-г онцлов.


Компани өөрөө хэчнээн сурталчилгаа хийгээд нийгэм тухайн компанийг сайнаар хүлээж авахаас илүүтэйгээр нийгмийн хариуцлага өндөртэй, засаглал сайтай, хүний эрхийг хангасан бизнесүүд илүү сайшаалыг хүртэж, бизнес нь амжилттай, тогтвортой үргэлжлэх нөхцөлийг бүрдүүлдэг болоод буйг мөн онцолсон юм. 

Холбоотой мэдээ