С.Энхболд: Эмийн чанар, хяналт, зохицуулалтад түлхүү анхаарч ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-11-25 13:10:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд С.Энхболдын ивээл дор зохион байгуулж буй "Эм зүйн салбарын хөгжил, чиг хандлага" сэдэвт Монголын эм зүйн ажилтны II их хурал Төрийн ордонд болж байна. 


Эрүүл мэндийн сайд С.Энхболд  энэ үеэр хэлэхдээ “Монгол Улсад эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, чанартай эм, эмнэлгийн хэрэгслийг иргэдэд хүргэх, Олон улсын Эм үйлдвэрлэлийн зохистой дадал буюу GMP шаардлага хангасан эмийн үйлдвэрүүдийн тоог нэмэгдүүлэх, эм экспортлох тал дээр анхаарал хандуулан ажиллаж байна. Өнөөдөр гурван эмийн үйлдвэр энэ батламжийг авлаа. Эм нь үйлдвэрээс гарч, долоон үе шатыг дамжиж байж хэрэглэгчдэд хүрдэг. Манай улсын хувьд эмийн хэрэглээг 100 хувь хувийн хэвшлийн байгууллагууд хариуцдаг бөгөөд 80 орчим хувийг гаднын орнуудаас импортолдог бол 20 гаруй хувийг дотооддоо үйлдвэрлэж байна.


2021 оноос эхлэн Эм эмнэлгийн хэрэгсэл, хяналт зохицуулалтын газар байгуулагдаж, эмийн чанар, хяналт, зохицуулалтан дээр илүү анхаарал хандуулан ажиллаж байна. Үүнээс гадна энэ жил эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийг өргөн барихаар болж, бэлэн болсон. Эрүүл мэндийн даатгалын санд ирэх оны төсөвт хөнгөлөлттэй эмэнд зориулан 90 тэрбум төгрөгийг тусгасан. ЭМД-аас 30-100 хувь хөнгөлөлттэй олгодог 590 төрлийн эм байна. Үүнээс гадна Засгийн газраас Швейцарын Засгийн газартай гэрээ байгуулж, эмийн хатуу зохицуулалттай орнуудаас хамгийн их хэрэглэгддэг 24 төрлийн эмийг нэг ам.долларын үнээр иргэдэд хүргэх “Новартс" хөтөлбөрийг хэрэгжүүлээд эхэлсэн. Цаашид эмийн нэр төрлийг нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байна.” гэдгийг онцоллоо.


“Эм” холбоо ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Алтанцэцэг, “Бид өөрсдийн амьдарч буй цаг хугацааг Ковидын өмнөх ба дараах гэж ангилж байна. Ковидын үед бүх иргэд эх орондоо эмээ үйлдвэрлэх нь ямар чухал болохыг ойлгосон. Ковидын үед дотоодын үйлдвэрлэгчид, ЭМЯ, эм эмнэлгийн байгууллагуудтай хамтран эм, эмнэлгийн хэрэгслүүдийн нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх өндөр хариуцлагатай үүргийг хүлээж, маш гүйцэтгэл сайтай ажилласан. Тухайлбал, статистикийн дүнгээс харахад үндэсний үйлдвэрлэгчид 14 сая амны хаалт, 1.2 сая комбинзон, ариутгалын бодисыг үйлдвэрлэсэн байна. Иргэд дотоодын эмийн үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнд итгэдэг байх хэрэгтэй. Тэр хэрээр тэдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэж дотоодын үйлдвэрлэгчдээ дэмждэг байх нь зүйтэй. Гадуур эмийн чанар муу, итгэл төрүүлэхгүй байна гэдэг. Энэхүү ам дамжсан яриатай үндэсний үйлдвэрлэгчид ямар ч холбоогүй. Бид өөрсдийн үйлдвэрлэсэн эмийн чанар, үйлчилгээнд 100 хувь баталгаа өгч чадна. Тиймээс энэ удаагийн хурлаар эмийн үйлдвэрүүд юу хийв, одоогийн байдлаар ямар шатанд хүрэв, цаашид ямар шатанд хүрэх вэ гэсэн зорилтоо дэвшүүлэхээр хуралдаж байна” гэв.

 

Энэхүү их хурлаар салбарын тулгамдсан асуудлууд, тэр дундаа үндэсний эмийн үйлдвэрийг бодитойгоор дэмжих, Эм зүйн салбарын боловсон хүчнийг мэргэшүүлэх, чанарын хяналт, сорилтын лабораторийн чадавхыг сайжруулах тал дээр төрөөс бодлогоор дэмжихийн зэрэгцээ төрийн байгууллагад ажиллаж буй албан хаагчдыг чадавхжуулан мэргэшсэн боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх хөшүүргийг бий болгох талаар санал оруулах юм.

 

Холбоотой мэдээ