СЭЛЭНГЭ: Атрын анхдагч сумын тариаланчид 63 дахь намрын ургацаа хураалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-11-25 12:55:36

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Түшиг сум /Зэлтэрийн САА/ нь атрын анхны шан татсан анхдагчдын өлгий нутаг. Тус сумын тариаланч түмэн өнөөдөр атрын анхны шан татсан үеэс хойш 63 дахь намрын ургацаа хураан аваад байна.


Тус сумын ургацын баярын үеэр сумын Засаг дарга Г.Батболдтой уулзаж товч мэдээлэл авлаа.

-Тэрээр:”Түшиг сумын хэмжээнд 2022 онд 12146 га-д үр тариа, 22 га-д төмс, хүнсний ногоо тариалж, 250 тонн төмс, 170 тонн хүнсний ногоо, нэгж га-гаас 11 цн буюу 12405 тонн үр тариа хураан авлаа. Орон нутагт газар тариалан эрхэлж байгаа ААН, иргэд эргэлтийн талбайгаа 100 хувь ашиглаж байна. Манай сумын тариаланчид Алтайский, Омск-34, Бурятский сортын үрээр үр тариагаа тариалсан. Харин хүнсний ногоогоо  Гала, Алори үрээр тариалалт хийсэн.   


Сум орон нутгийн засаг захиргааны зүгээс аймгийн ХХААГ-тай хамтран 80 хувийн хөнгөлөлтэй Элит, Гала сортын төмсний үрийг 16 өрхөд, 150 кг төл сонгины үрийг 105 иргэнд, мөн төмс, хүнсний ногооны тариалалт хийх зориулалтаар жилийн 3 хувийн хүүтэй зээлийг 7 иргэнд нийт 33.5 сая төгрөгийн зээлийг арилжааны банкаар дамжуулан олгосон.  


Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний аюулгүй байдлын хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим үйл ажиллагааны талаарх тогтоолын хэрэгжилтийг хангаж, тариалангийн талбайн газар ашиглалтыг сайжруулах, ургамал генетикийн нөөцийн ашиглалт хамгаалалтыг хангаж, нутагшсан сортын нөөцийг бүрдүүлж, тариалалтыг нэмэгдүүлэх, үр тариа, хүнсний ногоо, жимс жимсгэнэ болон ашигт ургамалыг тариалах нь зүйтэй гэж үзээд энэ чиглэл рүү түлхүү ажиллах болно” хэмээн ярив.   

Холбоотой мэдээ