Тапан Мишра: Олон улсын тогтворгүй байдал Монголын нийгэм, эдийн засагт бүхэлд нь нөлөөлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-11-21 16:14:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс өнөөдөр Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран “Монгол Улсын нийгэм-эдийн засагт үзүүлж буй олон улсын тогтворгүй байдлын нөлөө” семинарыг “Новотел” зочид буудалд зохион байгууллаа.



Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч байгаа энэ цаг үед түүхий эдийн үнэ, хүнс, эрчим хүч, санхүүгийн зах зээлд гарч буй цочролууд нь эдийн засгаа сэргээх шинэ бодлого хэрэгжүүлж буй Монгол Улсын хувьд томоохон сорилт болж буйг хөндлөө. Хурлаар НҮБ-аас хийсэн олон улсын тогтворгүй байдлын нийгэм-эдийн засгийн нөлөөллийн судалгааг танилцуулсан юм.


Энэ талаар НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Тапан Мишрагаас тодруулбал, хийж буй судалгаа болон нөхцөл байдлаас харахад Орос-Украины геополитикийн хямралт байдал Монгол Улсад эдийн засгийн хувьд хүнсний болон өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх зэргээр нөлөөлж байна гээд энд гурил, ургамлын тос, шатахуун зэрэг бүтээгдэхүүний нийлүүлэлт дээр үнийн өсөлт голлон нөлөөлөж буйг нэрлэсэн юм. Түүнчлэн нийгмийн тал дээр эмзэг бүлэгт хүндээр тусч байна. Ялангуяа гурваас дээш буюу олон хүүхэдтэй өрх, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд илүү нөлөөлж байна гэв.  


Тэрбээр, өнөөдөр танилцуулж буй судалгааны үр дүн дээр бид суурь нөлөөллийн үзүүлэлтийг онцолмоор байна. Нэгд, бид Монголын төр, засагт хямралыг давах талаар бодлогодоо ямар өөрчлөлт шинэчлэлт хийж, үйл ажиллагаа явуулах талын зөвлөмжийг өгнө. Хоёрт, энэ нь НҮБ-аас гаргадаг улс орны эдийн засгийн хөгжлийн төлөв байдлын судалгааны суурь үзүүлэлт болно. Энэ судалгаа нь ирэх 5 жилд НҮБ Монгол Улсын Засгийн газартай хамтарч улс орны хөгжлийн стратегийн баримт бичгийг боловсруулах суурь дата үзүүлэлт болж өгнө гэдгийг онцлов.  




Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ