ДУНДГОВЬ: "Монгол бахархлын өдөр"-өөр 40 сурагч Иргэний андгай өргөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-11-18 18:39:55
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол бахархлын өдрийг тохиолдуулан аймгийн ЗДТГ-т эзэн богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, Монгол Улсын иргэний андгай өргөх болон төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг зохион байгуулав.

Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон 10 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа ба “Монгол улсын иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагааг 20 дахь жилдээ зохион байгуулж байгаа аж.

Ёслолын ажиллагааг аймгийн ИТХ, ЗДТГ хамтран зохион байгуулж, үйл ажиллагаанд Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга асан, бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дарга, соёлын төвийн менежер, хурандаа Г.Золзаяа, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга асан, бэлтгэл хурандаа Б.Амаржаргал, Цагдаагийн ахмад ажилтан Б.Умаахан, бэлтгэл хурандаа Н.Эрдэнэбаяр нар оролцжээ.


Тус үйл ажиллагааг аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ нээж хэлсэн үгэндээ "энэ оны 7 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Эзэн Богд Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх, эв эеийг бататгах үүднээс эш хөргийг нь дээдлн залахыг бүх шатны төрийн байгууллагуудад үүрэг болгож, айл өрх, хүн бүрийг энэхүү зарлигыг дагаж мөрдөхийг уриалсан юм” гээд аймгийнхаа ард иргэдэд зарлигийг дагаж мөрдөн хэрэгжүүлэхийг уриаллаа.

“Монгол бахархал”- ын энэ өдрөөр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг аймгийн ЗДТГ, болон Цагаандэлгэр сумын ЗДТГ-т ийнхүү хүлээлгэн өгчээ.


Энэ үеэр Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга асан, бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай иргэний андгай өргөж байгаа хүүхэд залуучуудад баяр хүргэж, хэлсэн үгэндээ “Дэлхийн халуун цэгт хүнд нөхцөлд Энхийг сахиулах ажиллагаанд цэргүүдээ удирдан оролцож, өөрийн нүдээр дайн, зэвсэгт мөргөлдөөн, алан хядлагыг харж, монгол цэргүүдтэйгээ хамт хүнд нөхцөлд үүрэг даалгавар гүйцэтгэж явсан хүний хувьд, мөн НҮБ-ын цэнхэр дуулгыг өмсөж, Африкийн хамгийн ядарсан ядуу, зүдүү, 11 жил иргэний дайны хөлд зовж зүдэрсэн Серелон хэмээх улсад мөн цэргээ удирдан явж байсан энхийг сахиулагчийн хувьд Монгол гэдэг улс бол, бидний төрж, өссөн энэ нутаг бол үнэхээр гайхамшигтай гэж хэлмээр байна.

Монгол хүн болж төрнө гэдэг бол энэ дэлхий дээр хамгийн өндөр хувь заяа гэгийг биеэрээ, сэтгэлээрээ мэдэрч ойлгосон. Монгол хүн болж төрсний энэ бахархлыг зөвхөн би ч биш, энхийг сахиулах ажиллагаанд оролцсон 20,000 албан хаагчид тээж ирсэн юм.  

Тиймээс Монгол бахархлыг тээгч болж явдгийн хувьд ирээдүйг авч явах хүүхэд залуучууд та бүхэн минь МОНГОЛ гэсэн энэ сайхан нэрийг, энэ аугаа улс орныг дэлхийн чихнээ дуурсгаж явсан өнгөрсөн үеэ үргэлж хүндэтгэж, ирээдүйд эх орноо улам хайрлаж, хамгаалж, хөгжүүлж дараа үедээ бүрэн бүтэн хүлээлгэж өгөөрэй хэмээн хичээнгүйлэн хүсч байна” гэлээ.


Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 20 дахь жилдээ зохион байгуулж буй “Монгол Улсын иргэний андгай өргөх” ёслолд Сайнцагаан сумын  ЕБС-ийн 12 дугаар ангийн  40 сурагч оролцон, андгай өргөж, Иргэний үнэмлэхээ гардан авчээ.



Холбоотой мэдээ