АРХАНГАЙ: Г.Энхбаатар: Уртын дууг нутгийнх нь ая дангаар дуулах хэрэгтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-11-21 10:08:59

Архангай /МОНЦАМЭ/. Үндэсний урлагийн их театрын уртын дууч, МУГЖ, шагайн харвааны Монгол Улсын мэргэн, өв тээгч Ганхуягийн Энхбаатар Архангай аймгийн Хотонт сумын уугуул билээ. Тэрээр Үндэсний урлагийн их театрын уртын дуучнаар ажиллаж байгаа ба мөн Архангайн уран бүтээлчдийн "Тайхар" нэгдлийн уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, олон сайхан уран бүтээлийг туурвиад байгаа юм.


Өв тээгч Ганхуягийн Энхбаатарыг аймгийн Соёлын газар биет болон биет бус өв тээгчдийг тоолох 2022 оны улсын тооллогоор уртын дууны "Төв халх ая данг" гаргаж дуулдаг хэмээн өв тээгчээр бүртгэжээ. Түүний дуулж, амилуулсан "Ар хөвчийн унага", "Тунгалаг тамир", "Жаахан  шарга", "Өвгөн шувуу хоёр", "Дуртмал сайхан", "Зээргэнэтийн шил", "Цэвцгэр хурдан шарга", "Нарийн сайхан хээр", "Хүрэн толгойн сүүдэр" зэрэг олон сайхан уртын дууг дуулсан байдаг.


Тэрээр СУИС-ийг 2008 онд төгссөн ба 2012 онд СТА, 2013 Алтан гадас одон, 2019 онд Монгол Улсын Гавъяат жүжигчин хэмээх эрхэм алдрыг хүртжээ.  


Ингээд уртын дууч, өв тээгч Г.Энхбаатартай ярилцсан ярилцлагаа сийрүүлэн хүргэе.


-Аймгийн Соёлын газраас "Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд зохион байгуулсан "Уртын дуу-100 жил" үйл ажиллагаанд оролцож байна. Нутаг усандээ хэзээ сүүлд ирсэн бэ? Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Нутагтаа ирээгүй удсан байна шүү. Сайхан байна. Ирэх жил болох аймгийн 100 жилийн ойн бэлтгэл ажил болгож "Уртын дуу-100 жил" хэмээх монгол хүний дархлаа болсон энэ сайхан урлагаа түгээн дэлгэрүүлэх, өвлөн хадгалах чиглэлээр Архангайн соёлын салбарынхан уртын дуу өвлөн уламжлагчдын дунд уралдаан зохион байгуулж байгаа нь сайхан байна. Сум орон нутгаасаа Монгол ардын уртын дууг өвлөн тээж байгаа хүмүүсийг тэр болгон цуглуулаад байдаггүй. Энэ соёлын ажлын хүрээнд энэ хүмүүсийг нээж, аймагтаа төвлөрүүлж, уралдаан тэмцээн зохион байгуулж байгаа нь сайшаалтай гэж бодож байна.


-Таныг уртын дууны "Төв халх ая данг гаргаж буй" гавьяат уртын дууч, өвлөн тээгч гэж танилцуулсан. Таны удамд уртын дууч, өв тээгч байсан уу?

- Миний удамд уртын дуу дуулдаг хүн ховор. Гэхдээ миний буурай аав /ээжийн талын/ Гонгор гэж хүн байсан. Тэр хүн бол их сайхан дуулдаг байсан. Жигтэйхэн өндөр өнгөөр дуулдаг, нарийн хоолойтой. Тэр хүнээс улбаалж ирсэн байхаа гэж боддог.



- Халх ая дангийн хөг, аялгуу нь бусад бүс нутгийн уртын дууны аялгуугаас ямар ялгаатай вэ?

- Уртын дууны арга барил, дэг сургууль гэж өөрөө маш том зүйл юм. Газар газрын, нутаг нутгийн заншлаараа баян бараат, боржгин, хар дэл аялгуу, баруун аймгийн, төв халх гэх зэргээр хуваасан байдаг. Тэр дундаа тэнхимээр явуулж байгаа сургалтууд дандаа төв халх аялгуугаа барьж явуулдаг. Алтан үеийн багш нар гэр сургалтаар жинхэнэ өөрсдийнх нь нутгийн дан аялгууг нутаг нутгаас ирсэн хүмүүст, нутгийнх нь арга барилаар зааж, өв тээгч шиг нутаг нутагт нь хадгалуулж ирсэн байгаа юм. Тэр утгаараа баян бараат, боржгин, хар дэл гэж тогтож өнөөг хүртэл бидэнд үгийг нь буруу зөрүү хэлэн барин бид нарт тээн ирж, үлдээсэн байна. Тэр хүмүүсийн ач гавьяаг ярьж баршгүй юм.


Уртын дуунууд ая дангаараа л өөрчлөгдөж гардаг. Халх гэдэг нь жаахан хэлбээд, тавиухан дуулдаг бол боржгин дуу нь уран нугалаа, чимэг ихтэй. Точигносон, жижигхэн, дуу эхлэв үү, үгүй юу л шуранхай хийдэг байхад баян бараат аялгуу нь ойворгон, лам нар ном уншиж байгаа мэт аялгуутай, тэгсэн хэрнээ дипазоны хувьд маш бага. Хар дэл аялгуу бол бүр сунагар. Миний бодлоор хар дэл аялгуу нь хамгийн их цар хүрээтэй аялгуу гэж боддог. Халх аялгуу бол түгээмэл. Жишээ нь би "Эртний сайхан" уртын дууг төв халх аялгуугаар дуулсан байхад Дамчаа гэдэг хүн энэ дууг хар дэл аялгуугаар дуулсан байна. Цаанаа л өөр, хүндэтгэлийн гэмээр халдашгүй төрийн мэт санагддаг.


Архангайгаас 400 орчим дууны олдвор олдсон гэдэг. Тэрийг судлаад аяыг нь төгөлдөр хуур дээр тогшоод үзвэл бас нэг өөр аялгуунууд гарч ирнэ. Одоо бид нар тэр дуунуудаас дуулбал нөгөө л төв халх аялгуугаараа дуулна. Ялгарахгүй болж байгаа биз. Тэгэхээр тэр уртын дуунуудыг тэр л нутгийнх нь ая дангаар нь дуулах хэрэгтэй. Хангай сумын уугуул, уртын дууч Э.Болормаа дүү маань олдвор дуунуудаас "Тунамал улаан" уртын дууг сонгож, сэргээж дуулсан. Үнэхээр гайхамшигтай аялгуутай дуу байсан. Тэгэхээр уртын дуунуудыг бүгдийг нь төв халх болгож дуулаад баймааргүй санагдаад байгаа.


- Төв халх ая данг хаана сурсан бэ? Хэрхэн хөгжүүлж ирэв?

Архангайн уртын дуунуудыг төв халх аялгуугаар дуулдаг. Энэ халх дэг гээд байгааг яагаад ингэж яриад байна вэ гэхээр Дорждагва багш баруун аймгаас өөрөө дууг нь сурж ирсэн байгаа юм. Тэр баян бараат, боржгин, хар дэл зэргийн аялгууг сурч ирээд өөрөө халх аялгуу хэмээх том төвийг Улаанбаатарт нээсэн. Энэ нь дууны ая данг өөрийн болгож, цар хүрээг нь тэлж үлдээсэн гэсэн үг.

Би өөрийн уртын дууны чиглэлээсээ хазайхгүй уран бүтээл хийх дуртай. Хангай сумын уугуул уртын дууч Э.Болормаа дүүтэйгээ хамтарсан олон сайхан уран бүтээл бий.


-Төв халх ая дангаар дуулж буй Архангай нутгийн уртын дуучид бий юу?

-Байлгүй яахав. Улаанбаатарт байгаа тэнхимийн сургалтууд бүгд халх ая дангаар хичээл сургалтаа ордог. Миний боддог зүйл бол тэр баян бараатаас багшийг нь авч ирээд тусад нь сургалт явуулах, боржгин уртын дууны багшийг авч ирээд бас боржгин дууг заалгая. Ингэх юм бол тэр нутаг нутгийн аялгуу, ая дан гарч ирнэ гэж боддог. Төв халх барилаар дуулдаг хүн боржгин дууг дуулахад хэзээ ч боржгин дуучин шиг дуулж чадахгүй. Боржгин дууг дуулах дуучин нь өөрөө төрдөг юм.


-Архангайд уртын дууг хэрхэн хөгжүүлмээр санагддаг вэ? Таны зүгээс ямар санаа, дэмжлэг байна вэ?

-Сумдаас уртын дууны өв тээгчдийг цуглуулаад уралдаан тэмцээн зохиосон нь их ховор юм байна. Энэ үйл ажиллагаа бол маш том гарц гаргалгаа болж байна. Эндээс сайхан уртын дуучид төрнө, цааш нь дэмжээд жинхэнэ тэр гэр сургалт гэдгийг нутаг нутагт нь явуулж, өвийг нь заалгаж, авч үлдмээр байна. Уртын дууг энэ үйл ажиллагаагаар л цааш нь авч явж, хөгжүүлнэ гэж харж байна.


Миний зүгээс эндээ суурин сууж ажиллана гэж байхгүй учраас миний тус хэрэг болсон үед нь ирээд зааж зөвлөөд явж болно.

-Ярилцсанд баярлалаа.


Түүний намтрыг дурдъя:

2004 онд Архангай аймгийн Хотонт сумын ЕБС

2008 онд СУИС-ийг МУГБ Ц.Дэлгэрийн удирдлаган дор “Уртын дуучин” мэргэжлээр төгссөн.

2008 оноос Үндэсний Урлагийн Их Театрт ажиллаж байна.

Тайлан тоглолт:

2017 онд “Дөрвөн цаг” айзам бэсрэг уртын дуун цэнгүүн /СТӨ/

Аялан тоглолт:

2010 онд “Шанхайн Экспо” нээлтэд Монгол ардын уртын дуу “Эр бор харцага”

2011 онд Москва хотын Большой театрт “Идэр жинчин”, Ленинград хотын театрт “Саруул талбай”

2012 онд Казакстан улсын театрын тайзнаа “Эртний сайхан”

2012 онд Солонгос улсын Сөүл хотын их театрт “Түмэн эх”

2013 онд Бүгд Найрамдах Болгар улс

2014 онд Герман улсын Женейв

2013 онд Франц улс

2014 онд Лаус улс, Итали улс

2006, 2013 онуудад Япон улсад

Ардын хувьсгалын 87, 90, 91, 92, 96 жилийн ойн хүндэтгэлийн концертонд “Дөрвөн цаг”, “Нарийн сайхан хээр” монгол ардын уртын дууг гоцлон дуулж байв.

Гавьяа шагнал:

2010 онд Нийслэлийн шилдэг залуу алтан медаль

2010 онд Монголын уртын дууны холбооны Оны шилдэг залуу шагнал

2012 онд МУСТА цол

2013 онд Төрийн дээд “Алтан гадас” одон

2014 онд Оны шилдэг шалгаруулах “Мөнгөн мод” цом

2018 онд шагайн харвааны МУ-ын Мэргэн цол

2019 онд МУГЖ цол хүртжээ.

 

Оролцсон уралдаан:

2003 онд XX зууны манлай уртын дууч Ж.Дорждагвын нэрэмжит уртын дуу дуулаачдын Улсын уралдаанд ТУСГАЙ БАЙР

2006 онд XX зууны манлай уртын дууч ХБ, МУАЖ, ТШ Н.Норовбанзадын нэрэмжит уртын дуу дуулаачдын Улсын анхдугаар уралдаанд ГУТГААР байр

2006 онд “Баян бараат аялгуу” мэргэжлийн уртын дуу дуулаачдын Улсын уралдааны ГУТГААР байр

2011 онд Морьтон ардын “Түмэн Эх” уртын дуу дуулаачдын Улсын анхдугаар уралдаанд ГРАНПРИ

2013 онд Бүгд Найрамдах Болгар улсад зохиогдсон Дэлхийн язгуур урлагийн аварга шалгаруулах уралдаанд Үнэмлэхүй аваргын шагнал

2016 онд XX зууны манлай уртын дууч ХБ, МУАЖ, ТШ Н.Норовбанзадын нэрэмжит Улсын анхдугаар уралдаанд ГУТГААР байр

2018 онд Төв Халхын нэрт дуучин Ч.Намжилын нэрэмжит “Их Богд” уртын дууны уралдаанд ГРАНПРИ

Бүтээсэн дүр:

2015 онд “Оройн дээд” дуулалт жүжгийн Да лам Цэрэнчимэд

2016 онд “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийн дагуул

2017 онд “Ижил хоёр ботго” хүүхдийн бүжгэн жүжгийн

2018 онд “Үлэмжийн чанар” дуулалт жүжгийн Уртын дууч

2018 онд “Нарны домог” бүжгэн жүжгийн Нарны дуу, Морины цол

Уран бутээлүүд:

Их театрын уран бүтээлүүдэд:

“Хөөмэйн түрлэгтэй эх орон”,  “Нүүдэл” бүжгэн жүжиг, “Жаран дамжсан дуулал”, “Нүүдэлчдийн аялгуу”, “Ишиг хөөрхөн нэр”, “Хүннү дуулал”, “Мөнх тэнгэрийн Монгол”, “Монголын Их Хатад”, “Наран мандах талын Монгол”, “Уул усны шивнээ”, “Есөн эрдэнийн дуурьсал” зэрэг 2008 оноос өнөөг хүртлэх  дуулалт, бүжгэн жүжиг болон концертын уран бүтээлүүдэд оролцжээ.

Цомог:

2019 онд “Уяхан замба тивийн наран” МУСТА Э.Болормаатай хамтарсан цомог

2019 онд “Уртын дуу, Морин хуур, Хөөмий” МУСТА Д.Шинэцогтой хамтарсан цомог

Холбоотой мэдээ