Торгох ялаар шийтгүүлсэн иргэдээс 7.5 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-11-18 15:52:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ)-аас “Хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээний хэрэгжилт, тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгууллаа.


Тус байгууллагын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны хуулиар хүлээсэн чиг үүргийг нэг мөр хэрэгжүүлэх, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх зорилгоор зохион байгуулсан уг хуралд ШШГЕГ, Улсын прокурорын ерөнхий газар (УПЕГ), Дотоод хэргийн их сургуулийн төлөөлөгчид оролцож, илтгэл хэлэлцүүллээ.


Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д нийгмээс тусгаарлахгүйгээр ялын бодлого хэрэгжүүлэх, цахим хяналтын төв байгуулахаар тусгасан. Мөн Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Стандарт, шаардлага хангасан албадан эмчлэх төрөлжсөн эмнэлэг байгуулах”-аар тусгажээ. Энэ хүрээнд ШШГЕГ-аас бодлого боловсруулан ажиллаж байгааг тус газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны Ялын бүртгэл, хяналтын хэлтсийн дарга, хурандаа С.Зул-Очир “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны хэрэгжилт, чиг хандлага” илтгэлдээ дурдлаа.


Ял шийтгэлийн бодлогыг мод тарих ажилтай уялдуулжээ

Манай улсад сүүлийн 10 жилд хорихоос өөр төрлийн ял эдэлж буй иргэдийн тоо өсжээ. Өнөөдрийн байдлаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн 273, эрх хасах ялаар шийтгүүлсэн 1530, торгох ялаар шийтгүүлсэн 1685, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн 1315 иргэн байна. Тус алба өнгөрсөн хугацаанд торгох ялаар шийтгүүлсэн 8531 иргэн, 10 хуулийн этгээдэд холбогдох 13.1 тэрбум төгрөгөөс 7.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэнийг Ялын бүртгэл, хяналтын хэлтсийн дарга, хурандаа С.Зул-Очир онцлов. Эрх хасах ялаар шийтгүүлсэн нийт иргэний 84.2 хувь тээврийн хэрэгсэл жолоод эрхээ хасуулсан байгаа бол 12 хувь нь нийтийн албанд ажиллах эрхээ хасуулжээ.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 100 сая мод тарих амлалт өгсөн. Энэ хүрээнд ял шийтгэлийн бодлогыг мод тарих ажилтай уялдуулжээ. Тодруулбал, нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн иргэдээр 102 мянган ширхэг мод тарьсан байна. Улмаар согтуурах, мансуурах донтой иргэдийг албадан эмчлэх 300 ортой эмнэлгийг байгуулахаар төлөвлөж, зураг төслийг боловсруулж, НИТХ-аар хэлэлцүүлэн Сонгинохайрхан дүүргийн 21 хороонд 150 га газар авчээ.


Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулах санал гаргав


Эрдэм шинжилгээний хурлын үеэр хамгийн их өрнөсөн сэдэв нь зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ялыг хэрэгжүүлэх тухай байлаа. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын бие бүрэлдэхүүн өнөөдрийн байдлаар 9400 этгээдийг хянаж байна. Тус алба өнгөрсөн онд 204 этгээдийн хорихоос өөр төрлийн ялыг хорих ялаар солиулсан бол энэ онд 317 болж өссөн байна.


Энэ нь шүүхээс гэмт этгээдэд хорихоос өөр төрлийн ял оноох нь нэмэгдсэнтэй холбоотой аж. Ял сольсон этгээдүүдийн дийлэнх хувийг зорчих эрхийг хязгаарлах ялтай иргэд эзэлсэн гэдгийг НШШГГ-ын Хорихоос өөр төрглийн ял эдлүүлэх хэлтсийн дарга, хошууч Э.Итгэлтөгс “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд тулгамдаж буй зарим асуудал” илтгэлдээ дурдсан юм.


Тухайлбал, шүүхээс тодорхой хаяггүй, орон гэргүй иргэдэд зорчих эрхийг хязгаарлах ял оноосон байна. Гэвч орон гэргүй иргэдийг хянахад хүндрэлтэй байдгийг тэрбээр хэллээ. Тог цахилгаангүй газар амьдардаг тул цахим гавыг цэнэглэж чаддаггүй зэрэг шалтгааны улмаас хорих ялаар шийтгүүлэх асуудал үүсдэг. Тиймээс тухайн хүний хувийн байдлыг харгалзан үзэж ял оноох нь зөв хэмээн үзэж буйгаа хэллээ.


Үүнээс гадна нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн 17 иргэн хорих ял авчээ. Эрүүгийн хуульд нийтэд тустай ажил хийлгэхдээ цалин хөлс олгохгүй байхаар тусгасан. Гэтэл амьжиргааны түвшин доогуур, эдийн засгийн баталгаа багатай иргэнийг 720 цаг буюу 4-5 сар нийтэд тустай ажил хийлгэхээр шийтгэж байгаа. Үүний улмаас тухайн иргэн ар гэрийнхээ амьжиргааг хангахын тулд нийтэд тустай ажил хийхээс зугтах тохиолдол их гарч буй юм.


Үүний улмаас ялыг хорих болгон солих асуудал үүсч байгааг хошууч Э.Итгэлтөгс онцолсон юм. Дээрх нөхцөл байдлаас сэргийлэхийн тулд нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулах саналтай байгааг дурдав.


Үүнээс гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорих ангийн хамгаалалтын ажилтан 20, нийгмийн ажилтан 40 ялтантай ажиллана гэсэн жишиг нормативтай. Гэвч бодит байдал дээр үүнээс 3 дахин илүү ачаалалтай байгаа юм. Тиймээс энэ ачааллыг бууруулахад ч анхаарах шаардлагатай байгааг хошууч Э.Итгэлтөгс онцоллоо.


Зорчих эрхийг хязгаарлах ялыг 60 удаа зөрчжээ

Шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял оноохдоо хүрээ, хязгаарыг нарийн тогтоох шаардлагатай гэдэг саналыг УПЕГ-ын Ял эдлүүлэх ажиллагааны хэлтсийн хяналтын прокурор Т.Амарзаяа “Зорчих эрхийн хязгаарлах ажиллагааг хянах ажиллагаанд тулгамдаж байгаа асуудал” илтгэл тавихдаа хэлсэн юм.


Шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн жирэмсэн эмэгтэй эмнэлэгт үзүүлэх, хүнсний бүтээгдэхүүн цуглуулах зэрэг зайлшгүй шалтгаанаар шүүхээс тогтоосон хүрээг 60 удаа зөрчсөн тохиолдол гарсныг тэрбээр иш татсан юм. Энэ мэт шалтгаанаар зорчих эрхээ хязгаарлуулсан 2829 ялтнаас 52-д нь цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.


Мөн 82 ялтныг баривчилжээ. Түүнчлэн зорчих ял эдлэх хугацаандаа зөрчил гаргаагүй этгээдэд олгодог шагналын хоног нь хорих ял эдэлж буй этгээдийнхтэй ижил байгааг өөрчлөх шаардлагатай гэсэн санал хэлсэн юм.


Мөн эрдэм шинжилгээний хурлын үеэр ШШГЕГ, УПЕГ, ДХИС-ийн удирдлагууд “Нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааны хяналт, анхаарах асуудал”, “Албадлагын арга хэмжээ оногдуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилт, анхаарах асуудал”, “Зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтэд тавьж буй цахим хяналт, анхаарах асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Холбоотой мэдээ