ОХУ-аас Украинд дайны төлбөр төлүүлэх тухай тогтоолыг баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-11-15 10:47:16

НҮБ. /Anadolu/. Украины асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тусгай хуралдаан 11 дүгээр сарын 14-нд болж, ОХУ-ын дайны улмаас Украинд учирсан хохирлын бүртгэлийг бий болгох, Киевт дайны төлбөр төлүүлэх механизмыг бүрдүүлэх тухай тогтоолыг баталлаа. 


Уг баримт бичгийг батлахыг 94 улс дэмжиж, 14 орон эсэргүүцсэн бол 73 улс түдгэлзсэн байр суурь илэрхийлсэн байна. 


Беларусь, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Хятад, Куба, Умард Солонгос, Эритрей, Этиоп, Иран, Мали, Никарагуа, ОХУ, Сири, Багам болон Зимбабве улс ОХУ-аас дайны төлбөр нэхэмжлэх тухай энэхүү тогтоолыг эсэргүүцжээ. 


“Украинд буюу Украины эсрэг олон улсын эрх зүйг зөрчсөн ОХУ-ын хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол, гарзыг нөхөн төлүүлэх олон улсын механизмыг” бий болгоход Украинтай хамтран ажиллах шаардлагатайг тогтоолд хүлээн зөвшөөрсөн байна.


Түүнчлэн дайны улмаас хувь хүн, хуулийн этгээд, мөн Украин улсад учирсан хор хөнөөл, хохирол, гэмтлийн талаарх нотлох баримт, мэдээллийг баримтжуулах зорилгоор ийм алдагдлын олон улсын бүртгэлийг бий болгох талаар улс орнуудад өгсөн зөвлөмжийг тусгажээ. 


Тогтоолд мөн Украины бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжиж буй НҮБ-ын гишүүн орнуудын байр суурийг дахин нотолж, ОХУ-аас хүч хэрэглэхээ нэн даруй зогсоож, Украины нутаг дэвсгэрээс бүх цэргээ урьдчилсан болзол тавихгүйгээр бүрэн гаргахыг шаардсан байна. 


Холбоотой мэдээ