Хүлэмжийн хийг багасгаж, байгальд ээлтэй нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхийн төлөө хичээхийг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-11-11 09:22:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх, тогтвортой санхүүжилтийн механизм бий болгохоор “Тэрбум мод сан” байгуулагдсан.


Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо болж буй энэ цаг үед тус сангаас “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжиж, сангийн ойжуулалт, ойг нөхөн сэргээх, цөлжилт, газрын доройтлыг багасгах үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд бодлогын түвшинд дэмжих, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулж, тодорхой арга хэмжээ хэрэгжүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.


Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж нар энэ үйл ажиллагааг нээж, хэлэхдээ, уур амьсгалын өөрчлөлт, бүс нутгийн анхаарал хандуулж буй цөлжилт, шар шороон шуургаыг сааруулахад “Тэрбум мод” хөдөлгөөн ач холбогдолтойг онцлон тэмдэглэв.


Мөн сангийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн ил тод байдлыг бодлогоор дэмжинэ гэдгээ Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн илэрхийллээ. Тэрбумаар тоолох мод тарьж, ургуулах, хамгаалах нь нэг хэрэг ч оюун санаанд тэрбум мод тарьж ургуулах ойлголтыг төлөвшүүлэх нь чухлыг БШУ-ы сайд Л.Энх-амгалан хэлж байлаа.


"Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан" 10 дугаар сарын 8-наас эхлэн төсөл хүлээн авч эхэлсэн нь үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд ахиц дэвшил гаргасан үйл явдал болсныг тус сангийн гүйцэтгэх захирал, Монголын Тогтвортой санхүүжилтийн (ТоС) холбооны гүйцэтгэх захирал Э.Номиндарь сангийн бүтэц, зохион байгуулалт, цаашид хэрэгжүүлэх, санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар хийсэн танилцуулгынхаа үеэр онцлов.


Тус сан нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, түүний нөлөөллийг багасгах чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулан, улсын жишигт нийцсэн итгэлцлийн сангийн жишгийг эх орондоо бий болгохыг зорьж байна. Мөн байгаль эх дэлхийгээ хамгаалахад иргэдийн идэвх санаачилга, хувийн хэвшлийн оролцоог нэмэх замаар суурь судалгаа, үндэслэлтэй, шинжлэх ухаанч, экологийн ач холбогдол бүхий ажлыг санхүүжүүлэх юм. Энэ нь “Тэрбум мод” хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болохыг БОАЖ-ын сайд Г.Түвдэндорж дурдаад, ногоон хөгжлийг эрхэмлэх, хүлэмжийн хийг бууруулах, байгаль орчинд ээлтэй нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхийн төлөө дор бүрнээ хичээж ажиллахыг уриаллаа. 

Холбоотой мэдээ