Манай улс хүлэмжийн хийг магадлан нотлох ганц лабораторитой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-11-10 15:06:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайдын ивээл дор “Үндэсний чанарын чуулган-2022”-ыг зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэ хүрээнд “Итгэмжлэгдсэн лабораториудын өнөөгийн байдал” хэлэлцүүлэг МҮХАҮТ-д боллоо.


Дэлхийн чанарын өдөр, Дэлхийн чанарын 7 хоногийг угтан зохион байгуулж буй хэлэлцүүлгээр итгэмжлэгдсэн лабориториудын чанар стандартыг сайжруулж, олон улсын стандартыг нэвтрүүлж мөрдүүлэх шаардлагатай байгааг ярилцаж, лабораториудын техник, тоног төхөөрөмж, мэргэжлийн боловсон хүчин зэрэг олон талын асуудлыг хөндөв. Хэлэлцүүлгийг МҮХАҮТ-ын орлогч дарга Б.Намжилсүрэн нээж, Стандарт, хэмжил зүйн газрын Бүтээгдэхүүний тогтолцооны баталгаажуулалтын газрын дарга В.Ганзориг мэдээлэл хийв.


Тэрбээр, манай улс хяналт шалгалтын давхардалгүй, нэг бүтцийн оновчтой тогтолцоог боловсронгуй болгох зохицуулалтад шилжиж буй. Мөн Засгий газраас баримталж буй гол бодлогын нэг нь стандартын хэрэгжилтийг бүх түвшинд хангуулахыг зорьж байгаа. Энд итгэмжлэгдсэн лабораториудын үйл ажиллагаа чухал үүрэгтэй. Мөн стандартын техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний чиглэлийн эрх зүйн орчинг сайжруулах шаардлага байна хэмээн үзэж холбогдох ажлын хэсгийг байгуулаад буйг мэдээллээ. Энэ талын саналыг өнөөдрийн хэлэлцүүлгээр мэргэжлийнхнээс авав.


Засгийн газрын мөрийн хөтөлбөрт итгэмжлэгдсэн лабораторийн чадавхийг сайжруулж, мэргэшсэн баталгаажуулалтын байгууллагуудыг бодлогоор дэмжинэ гэж заасан. 

 

Лаборатори итгэмжлэлийн тогтолцооны талаар Үндэсний итгэмжлэлийн төвийн дарга С.Соронзонболд, Итгэмжлэгдсэн лабораториудын өнөөгийн байдлын талаар Усны газрын Усны хяналт шинжилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Мөнхзул тус тус танилцуулав.


Мөн хувийн хэвшлийн лабораторийг төлөөлж, “Ногоон титэм аналитикс” ХХК-ийн захирал Б.Алтангэрэл Итгэмжлэгдсэн лабораториудын тулгамдаж буй асуудал, “Barloworld Mongolia” ХХК-ийн лабораторийн менежер Ц.Болормаа олон улсын туршлагын талаар танилцуулав. Итгэмжлэгдсэн лабораториудын хувьд хүний нөөцийн асуудал нэн түрүүнд тулгамдаж байгааг салбарынхан хэлж байна. Мөн одоо байгаа ажиллах хүчнээ давтан сургах, чадавхжуулах нь чухал байна гэв.



Итгэмжлэгдсэн лабораториудад хүний нөөц, стандарт, аргачлалын шинэчлэл дутагдаж байна.


Тоног төхөөрөмж, урвалж бодисын хүрэлцээ, тэдгээрийн худалдан авалтад гардаг хүндрэлийг шийдвэрлэх, төрийн болон хувийн хэвшлийн лабораториудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, лабораториудын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөхгүй байх тохиолдолд маргааныг хэрхэн таслахыг тодорхой болгох, хуучин стандартыг шинэчлэх, нэр томьёоны зөрүүтэй байдлыг арилгах, итгэмжлэлийн байгууллагууд шинжилгээндээ олон улсын арга, аргачлалыг хэрэглэх зэрэг саналыг хэлэлцүүлэгт оролцогчид тавьж байлаа.  Өнөөдрийн байдлаар манай улсад:

  • Сорилтын лаборатори 244,
  • Шалгалт тохируулгын лаборатори 18,
  • Эмнэлгийн лаборатори 16,
  • Ур чадварын үнэлгээ зохион байгуулагч 3,
  • Хяналтын байгууллага 38,
  • Бүтээгдэхүүн баталгаажуулалтын байгууллага 25,
  • Хүлэмжийн хийн магадлагаа, нотолгооны 1,
  • Тогтолцооны баталгаажуулалтын байгууллага 5 тус тус ажиллаж байна

Хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ын дэргэдэх Итгэмжлэгдсэн лабораториудын зөвлөл, Үндэсний итгэмжлэлийн төв болон төр, хувийн хэвшлийн лабораториудын төлөөлөл оролцов. 

Холбоотой мэдээ