БУЛГАН: Төрийн албан хаагчийн сарын аян зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-11-10 11:05:58

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын Тамгын газар Бүгд Найрамдах Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн албан хаагчийн өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг угтан төрийн албан хаагчийн сарын аян зохион байгуулж байгаа бөгөөд хүний нөөцийн чадавх, мэдлэг чадварыг дээшлүүлэх, авьяас билгийг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх олон төрлийн ажил хийхээр төлөвлөж байна.

    

“Ес зүйтэй, мэдлэг чадвартай, хариуцлагатай төрийн алба” илтгэлийн уралдаан, волейбол, “Булганы авхаалжтай төрийн албаны клуб” тэмцээн зохион байгуулна. Төрийн албан хаагчдын манлайллыг дээшлүүлэх, шинэлэг санаа санаачилга, арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх, асуудал дэвшүүлж тодорхой шийдэл, үр дүнд хүрэх зорилготой сарын ажил зохиож байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Эрдэнэбилэг ярилаа.

Холбоотой мэдээ