Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын хуулийн төслийг хэлэлцүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-11-10 10:32:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хэлэлцүүлгийг нээж танилцуулахдаа, “Дэлхийн ихэнх улс оронд газар тариалангийн үйлдвэрлэлд ургамал хамгааллын олон улсын гэрээ, конвенци, холбогдох эрх зүйн актын хэрэгжилтийг хангуулан ургамал хамгааллын цогц арга хэмжээ, хөнөөлт организмын тархалтын тандан судалгаа, эрсдэлийн шинжилгээг нэвтрүүлж, ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангаж байна. 



Ургамал хамгаалал нь ургамлыг өвчин, хортон, хог ургамлаас хамгаалах, газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэх, бүтээгдэхүүний ургацыг сайжруулж, хорогдлыг багасгах ач холбогдолтой ч ургамал хамгааллын үйл ажиллагаанд химийн бодис хэрэглэдэг учир хэрэглээг нь зөв төлөвшүүлээгүй тохиолдолд хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Иймд дэлхийн нийтийн чиг хандлага ургамлыг өвчин хортонд нэрвэгдэхээс өмнө урьдчилан сэргийлэх, ургамлын эрүүл мэндийг хамгаалахад бодлого, эрх зүйг чиглүүлж байна. Манай улс өөрийн газар тариалангийн салбарын хөгжлийн онцлог, дэлхийн чиг хандлагад уялдуулан ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатай”-г онцлов.  


Тус хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ургамлын эрүүл мэндийг хамгаалах, ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл ахуйн шаардлагыг хангах, худалдааг дэмжих, хүн, мал, амьтны эрүүл мэнд, байгалийн тэнцвэрт байдалд учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилготой юм.


Хэлэлцүүлэгт БОАЖЯ, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Ургамал газар тариалангийн хүрээлэн, ОБЕГ, ГЕГ, МХЕГ зэрэг төрийн байгууллагын төлөөллөөс гадна тариалангийн салбарын ТББ-ын төлөөлөл  оролцон, Дэлхийн худалдааны байгууллагын Ургамлын хорио цээрийн хэлэлцээр, Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын талаар хууль тогтоомж боловсруулахад анхаарах талаар илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэн мэдээлэл солилцлоо. 

Холбоотой мэдээ