СЭЛЭНГЭ: Хүнсний хувьсгал хашаанаас эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-11-11 13:13:21

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн иргэд өрхийн амьжиргаагаа дээшлүүлж, өрх баян бол сум, аймаг баян гэсэн уриатайгаар хашааны тариалалт эрхлээд нэлээд хэдэн жилийг үдэж байна. Өрхийн хэрэгцээндээ хүнсний ногоо тариалж байгаа иргэдийн хувьд өөрсдийн гэр бүлийн хэрэглээгээ хангаад зогсохгүй ах дүү, хамаатан садан, найз нөхдөдөө илүүчилж, нэг ёсондоо ойр дотны хүрээлэл дэх хүнсний ногооны хэрэгцээг хангадгаараа онцлогтой.


Энэ удаагийн сурвалжилгаараа хашаанаасаа хангалуун сайхан амьдарч болдгийн жишээ болгож, Алтанбулаг сумын хөдөлмөрч хоёр бүсгүйг та бүхэнтэй танилцуулья. 


Б.Батноров: Манай гэр бүл өөрсдийнхөө гараар тарьсан, химийн бордоогүй эрүүл ногоо хэрэглэдэг

 

Хүнсний хувьсгалыг хашаандаа яруу тодоор хийж байгаа бүсгүй бол Алтанбулаг сумын 2-р багийн иргэн Б.Батноров. Тэрээр 4 хүүхэдтэй, өрх толгойлсон ээж. “Би өрх толойлсон, амьдралын боломж нөхцөл муу байна, тусламж дэмжлэг өгөөч гэж, халамж дэмжлэг хүсэхээсээ өмнө өөрт боломж юу байна, чадах зүйл юу байна гэдгээ түрүүлж харах хэрэгтэй” хэмээн тэрээр өгүүлсэн. Өнөөдөр манай улсад амьдралын хүнд ачааг нуруундаа үүрч яваа олон бүсгүй бий. Тэд хэнээс ч гуйхгүй, хэний ч хараат биш. Батноров ийм л нэгэн.

 

Тэрээр ковидын халдварын улмаас хөл хорионд байх үедээ хашаандаа ногоо тарьж эхэлжээ. Ногоочны хувьд туршлага багатай, суралцаж яваа шинэ ногоочин. Ямарваа зүйлийг зовлон гэж харалгүй боломж хэмээн харж амьдрах хэрэгтэй. Зориод зүтгэх цагт болохгүй, бүтэхгүй зүйл гэж байхгүй ээ гэж тэр хэлсэн. Тийм ч учраас тэрээр хашаандаа ногоо тариалаад 2 жил болжээ. Өнгөрсөн жилээс хүлэмжтэй болж, урт, богины өргөст хэмх, чинжүү, улаан лооль тарьжээ. Харин гадаа талбайдаа төмс, лууван, хүрэн манжин, шар манжин, сонгино гээд өөрийнхөө өрхийн хэрэгцээний ногоог хүүхдүүдтэйгээ хамтраад тариалдаг байна.

 

-Ногоо тарьж эхлээд удаагүй ч гэсэн чамлахааргүй ургац хураасан харагдана. Хураасан ногоогоо хэрхэн хадгалж хэрэглэж байна. Зоорь бий юу, даршилдаг уу?

-Манай гэр бүл өөрсдийнхөө гараар тарьсан, бордоогүй эрүүл хүнснийг хэрэглэж байна. Би нарийн ногоогоо даршилж хадгалдаг. Алаг салат гэхэд 2 төрөл, өргөст хэмх, хүрэн манжин, байцаа, луувангаа даршилж хадгалдаг. Нэг дарахдаа 100 гаруй шилийг дараад цөөрөөд ирэхээр нь нэмээд л дардаг. Ингээд бэлтгэсэн ногоогоо хавар болтол хэрэглэдэг. Бид өөрийн хэрэгцээнээс гадна ах дүү, найз нөхөд, үр хүүхдүүддээ өгдөг. Мөн орсон гарсан хүмүүст өгнө.

Ногоогоо найзынхаа зооринд хийдэг. Цаашдаа зоорьтой болно.

 

-Хэрэгцээнээсээ илүү гардаг уу. Зарж борлуулдаг уу?

-Зарж борлуулж бол үзээгүй. Өөрийнхөө зөвхөн хэрэглээнд эрүүл аюулгүй хүнсийг хэрэглээд л байж байна.

 

-Хүнсний ногоонд зориулах мөнгөө өөр зүйлд зарцуулна гэж бодохоор гэр бүлд маш хэмнэлттэй. Бас эдийн засгийн маш их өгөөжтэй байдаг болов уу?

-Хүнсний ногоо худалдан авах мөнгөө бусад зүйлд зарцуулдаг. Хавар хүнсний ногоо ямар их үнэтэй болдог билээ. Энэ үед өөрийнхөө гараар тарьж ургуулсан цэвэр, эко хүнсний ногоогоо гаргаад хэрэглэх маш гоё шүү дээ.

Эдийн засагт маш их хэмнэлттэй байдаг. Би 4х8 хэмжээтэй хүлэмжийг “Хашаанаасаа 50 сая” гэсэн төслөөр авсан. Энэ хүлэмждээ тарьсан өргөст хэмхээ хураахад 7 хоногт бараг 10-аад кг-ыг хурааж байсан. Ойролцоогоор 50-60 кг өргөст хэмх бараг хураасан байх. Эрт ургацын өргөст хэмх бас л өндөр үнэтэй байдаг. Гэвч би гэртээ өөрийн гараар тарьсан өргөст хэмхээ өндөр үнээр худалдаж авахгүй байна шүү дээ. Бас өнгөрсөн хавар гэхэд л төмс 1 кг нь 5000 төгрөг хүрсэн. Ийм үед хашаанаасаа тарьсан ногоогоо үнэгүй ухаад л хэрэглэж байна шүү дээ.

 

Ингээд л бодоход өөрийн тарьсан төмсөө аваад хэрэглэхэд ямар урамтай байдаг гэж санана. Энэ мэт харахад гэр бүлд маш их хэмнэлтийг өгч байна. Би ердөө зарж борлуулдаггүй.

 

-Өөрөө давхар төрийн үйлчилгээний ажил эрхэлдэг хүн. Цаг заваа хэрхэн зохицуулж, өрхийн ажлаа амжуулж байна?

-СӨБ-ын ажил хүүхэдтэй ажилладаг болохоор цаг зав багатай байдаг л даа. Би хагас, бүтэн сайнд ногооны талбай дээрээ ажилладаг. Харин өнгөрсөн хавар аймгийн Засаг даргын захирамжаар зуны цагт ажлын цагийг 1 цагаар урагшлуулсан нь бид нарт маш их боломжийг олгосон. Орой эрт тарж ирээд талбайдаа ажиллах боломжтой байлаа. Энэ бол ажлын хажуугаар өөрийн эдийн засгаа дэмжих ажлаа зохицуулахад маш их боломж олгосон.

Би 1993 онд цэцэрлэгийн багшийн сургууль төгсөөд ажиллаж байгаад, орон тоогүй болоод хөдөө 10 жил мал малласан. Тэр үедээ ногоо тарьж байсан мэдлэгтээ түшиглээд өнгөрсөн хөл хориотой үед зайнаас ажиллаж байх үедээ хашаандаа дахин ногоо тарьж эхэлсэн маань овоо дадлага болж өгсөн. Тэгээд 2009 оноос эхлэн дахин цэцэрлэгт арга зүйчээр ажиллаж байна.

 

-Танайх маш том хашаатай юм аа. Мод тарьж байгаа юм уу. Бас жимсний мод харагдаж байна?

-Тийм ээ. Манай давуу тал бол хашаа томтой. Өнгөрсөн жилээс модоо төрөлжүүлж тарьсан. 10 төрлийн мод тарьсан. Энд агч, хайлаас, чацаргана, нарс, гацуур, үхрийн нүд, тэхийн шээг, нохойн хошуу, бөөрөлзгөнө, голт бор гээд бараг 100 гаруй мод байгаа. Мөн талбайгаа ашиглаад сонгино тариалья гэж бодож байгаа. Нэлээд гоё санаанууд бий, хэрэгжүүлнэ гэж бодож байгаа.

 

Ногооноос гадна жимсний мод тариалах маш ашигтай, ач тустай юм байна гэдгийг ойлгосон. Манай хашаанд үхрийн нүд, бөөрөлзгөнө, нохойн хошуу, давжаа алим, мойл, чацаргана гэсэн жимсний моднууд бий. Үхрийн нүдээ энэ жилээс хурааж авсан. Тариад 3 жил болж байна. Энэ жил 5 бутнаас 3-5 кг жимс гарсан. Түүгээрээ чанамал хийгээд хүүхдүүддээ өгсөн. Цаашид үхрийн нүдээ нэмж тариалахаар газраа бэлдсэн.

 

-Танайх ямар бордоо хэрэглэж байна. Байцай тарьдаггүй юм уу?

-Байцай тарьсан боловч арчилгаа нэлээд шаарддаг болохоор ажлын хажуугаар зав муутай учраас тарьж чадаагүй. Харин эрт ургацын ногоо тариалах юм бол илүү ашигтай, амьдралд нэмэртэй юм билээ.

Бид бол ердөө л нар, ус, агаараар ногоогоо ургуулж байна. Хамгийн гол нь сийрүүлэх, зэрлэг түүх зэрэг арчилгаануудаа маш сайн хийгээд өгчих юм бол ногоо аяндаа өөрөө сайхан ургаад л ирдэг. Химийн бордоо огт хэрэглэдэггүй. Байгалийн бордоог хэрэглэдэг.  

 

-Тарих үрээ хэрхэн бэлтгэж байна, худалдан авч байна уу?

-Төмсний үрээ өөрөө хадгалдаг. Бусад нарийн ногооны үрээ худалдаж авдаг. Ирэх жил төл сонгино тарих бодолтой байгаа. Мэдээж өрх толгойлсон, олон хүүхэдтэй, ганцаараа ажиллаж байгаа хүнд нэмэлт орлого хэрэгтэй. Иймээс би цаашид талбайгаа өргөжүүлээд жимсний мод нэмж тарина. Тэгээд жимсээ борлуулах бодолтой байгаа.

 

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2022 онд 199 иргэн төмс, хүнсний ногоо тариалсан статистик тоо гарсан. Аймгийн зүгээс Хүнсний ногооны үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээг хангах, “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ногоочдыг үрээр хангах зорилгоор хүнсний ногооны 11 төрлийн 73.859.650 төгрөгийн  ногооны үрийг 20 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр 17 сумын агрономчидтой гэрээ байгуулан ногоочдод олгожээ. Мөн Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2022” нэгдсэн үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн 11 сумын 77 иргэн, аж ахуйн нэгжүүд амжилттай оролцсон байна.


Батцэцэг: Бид хашаандаа эко ногоогоо тарьж, хүнсэндээ хэрэглэж байгаа нь

өрх гэртээ хүнсний хувьсгал хийж байна гэсэн үг




Алтанбулаг сумын иргэн Д.Батцэцэгийн гэр бүл хашаандаа битүү ойн төгөл санагдуулам орчныг бүрдүүлсэн. Тэрээр нөхөртэйгээ хамтарч олон төрлийн жимсний модноос гадна 2000 оноос хойш гэр бүлийнхээ хэрэгцээнд хүнсний ногоо тарьж эхэлжээ. Д.Батцэцэг нөхрийн хамт хадам аав, ээжийнхээ хашааг өвлөн авч 2007 оноос энд амьдарч эхэлжээ. Тэрээр хэлэхдээ “Манай хадмууд маш их ажилсаг хүмүүс байсан. Тэд бага сага хүнсний ногоо тарьж, бас жимсний модтой байсан. Бид 2 түүнийг нь үргэлжлүүлэн арчилж, үржүүлээд одоо ийм их модтой сайхан ой болчихоод байгаа юм” хэмээв.

 

Д.Батцэцэгийн нөхөр хөдөө ажилладаг болохоор бараг л ганцаараа энэ бүхнийг хийж гүйцэтгэдэг гэхэд болно. Одоо эдний хашаанд тэхийн шээг, улаалзгана, монос, үхрийн нүд, чацаргана, тошлой, алим гээд 10 гаруй төрлийн мод ургаж байгаа бөгөөд алимны модтой болох зорилгоор 2 давжаа алимны 3 суулгац нэмж тариалжээ. Өнгөрсөн жил гэхэд хашаанаасаа 60 кг үхрийн нүд хураан авч борлуулсан байна. Харин энэ жил арай бага хураасан учраас үхрийн нүд, чацаргана хоёроороо чанамал хийж, заримыг нь жимсээр нь хөлдөөгөөд хадгалжээ. Ингэж хадгалсан жимсээ өвөл, хавар гаргаад идэхэд маш сайхан, амт нь яг хэвээрээ байдаг аж.

 

Д.Батцэцэг цэцэрлэгийн багш ажилтай. Мөн л түмний хүүхдийг сурган хүмүүжүүлэх их ажлын хажуугаар өөрийн амьдрал амьжиргаагаа авч яваа хөдөлмөрч бүсгүй. Ингээд түүнтэй цөөн хором хөөрөлдсөнөө хүргэе.

 

-Ажлын хажуугаар хувийн аж ахуйгаа хөтлөн явуулна гэдэг амаргүй. Яаж зохицуулж байна. Хэчнээн төрлийн ногоо тарьж байна?

-Би 6 дугаар сарын 1 гээд амардаг. Ингээд л зуны 3 сар хашаандаа ажилладаг. Ажилтай үедээ бол ажлынхаа хажуугаар өглөө, орой, амралтын өдрүүдээ ашиглаад гэртээ үрсэлгээгээ хийж, арчилдаг. Эрт босож, орой унтана шүү дээ.

 

Хүлэмжид тарьсан урт сортын өргөст хэмхээ хурааж аваад сумынхаа иргэдэд борлуулдаг. Тэгээд үлдсэнийг нь даршилж хадгалдаг. Харин гадаа талбайдаа мөн өргөст хэмх, чинжүү, улаан лооль, сонгино, лууван, навчит болон бөөрөнхий байцай, улаан, хүрэн манжин тарьдаг.

 

-Хаврын тариалалтын ажлаа хэдийнээс эхэлдэг вэ?

-Ногоо тарих ажил 2 дугаар сарын сүүлээр хүлэмжийн үрсэлгээг хийснээр эхэлдэг. Ингээд улаан лооль, чинжүү хоёрыг 5 дугаар сар гаргаад тариалдаг. Манайх 2 охин, нэг хүүтэй. Бага хүү маань 10-р анги, нөхөр маань говьд ажилтай. Зуны амралтаар дүүгийн хүүхдүүд ирж тусалдаг.

 

-Ямар ч химийн хоргүй цэвэр эко ногоог байнга хүнсэндээ хэрэглэнэ гэдэг мэдээж эрүүл мэнддээ оруулж байгаа том хөрөнгө оруулалт. Бас эдийн засагт ч хэмнэлттэй болов уу?

-Нэг ёсондоо бид хашаандаа эко ногоогоо тарьж, хүнсэндээ хэрэглэж байгаа нь гэр бүлийн гишүүддээ оруулж байгаа эрүүл мэндийн том хөрөнгө оруулалт. Мөн өрх гэртээ хийж байгаа хүнсний хувьсгал шүү дээ. Мөн хашаанаасаа аваад хэрэглэнэ гэдэг маш том хөрөнгө оруулалт. Гаднаас бид маш үнэтэй ногоо худалдаад авна. Тэр мөнгөө өөр зүйлд зарцуулна гэдэг чинь асар их хэмнэлт. Түүнчлэн гэртээ ирсэн хол ойрын зочдод бэлэг болгоод өгнө. Энэ чинь чихэр, жимсний оронд өөрийн гараар тарьж ургуулсан цэвэр эко учраас гоё бэлэг болдог.

 

-Танайх зоорьтой юу. Ногоогоо хэрхэн хадгалж байна. Мөн даршилж хадгалдаг уу?

-Манайх гэрийн зоориндоо бүх хүнсний ногоогоо хадгалдаг. Намар ажил орсон үед хагас, бүтэн сайны амралтаараа амжуулж ногоогоороо салат хийх, даршилж, нөөшилж авдаг. Одоо гэрт цөөхүүлээ учраас нэг их хэрэглэх нь бага. Харин гадагш дүү нартаа, найз нөхөд, хүүхдүүддээ нэлээд өгч явуулдаг. Тансаг сайхан амьдрал хашаан дотор л байна. Хамгийн гол нь хөдөлмөрлөж, зүтгэж байж л үр дүнг нь үзнэ шүү дээ.

Нарийн ногоог тарина гэдэг чинь нялх хүүхэд шиг л арчилна. Жишээ нь хүлэмжийн ногоог эрт тарьсан үед даарна. Иймээс хучиж тордох ёстой.

 

-Танай хашаанд хамгийн олон жил ургаж байгаа ямар мод байна. Энэ модыг хэрхэн арчилж торддог вэ?

-Манай хашаанд хамгийн удаан 20 гаруй жил ургаж байгаа чацаргана бий. Энэ хашаанд бараг 100 гаруй мод байгаа байх аа. Тоолж үзээгүй юм байна. Мэдээж маш их арчилгаа, тордлогоо орно. Модоо танана, тайрна, байршлыг нь холдуулж, ойртуулж, сэлгэнэ. Маш их арчилгаа шаардана. Тарьсан мод сайхан ургаад ирэхийг харахаар маш гоё.

 

Мод тарьж ургуулах, ногоо тарих бол ёстой л сэтгэлээсээ зүтгэх зүтгэл, дусалсан хөлсний үр өгөөж байдаг. Энэ бүгдэд шантрах үе бий. Больдог ч юм уу гэж бодох үе байсан. Гэхдээ л хавар болохоор өөрийн эрхгүй хурдны морьд шиг цаанаасаа газартаа ажилламаар санагдаад нэг л мэдэхэд ногоогоо тариад ирдэг юм.

 

Айл өрх бүр хашаандаа ядаж хүнсний ногоогоо тариалаад сурчих юм бол хүнсний хомсдол, ядууралгүй байх болно. Цаашлаад гэрийн санхүүд маш их нэмэртэй. Эко цэвэр жимсний модоо, хүнсний ногоогоо хашаандаа өрх бүр тариалаасай гэж хүсэж байна.



Холбоотой мэдээ