ДУНДГОВЬ: “Үндсэн хуулийн дугуйлан” төслийг хэрэгжүүлэхээр санамж бичиг байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-11-08 17:31:17
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Иргэдийн Шударга Шүүх ТББ-ын санаачилгаар Дундговь аймгийн ЗДТГ-тай хамтран “Үндсэн хуулийн дугуйлан” төслийг орон нутагт хэрэгжүүлэхээр санамж бичиг байгуулав.


Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ойг угтан хэрэгжүүлж буй тус төслийг өнөөдөр аймгийн иргэд, төрийн байгууллагын ажилтнуудад танилцуулж, уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Иргэдийн Шударга Шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нар санамж бичигт ийнхүү гарын үсэг зурлаа.


“Үндсэн хуулийн дугуйлан” төсөл нь иргэд олон нийтэд хууль тогтоомжийг энгийн, хялбараар таниулан сурталчлах, хүн бүр хуулийг ижил тэгш хэмжээнд дагаж, мөрддөг байх, хуулийн зөв хэрэглээг дадал болгох зорилготой бөгөөд Үндсэн хуулийг сурталчлах түгээн дэлгэрүүлэх танилцуулга, сургалт зохион байгуулахад талууд хамтран ажиллах ажээ.


Төсөл  2021 оны 11 дүгээр сарын 26-наас эхэлж, 2024 оны 11 дүгээр сарын 26-ныг хүртэл гурван үе шаттай хэрэгжих ба төслийн хүрээнд сургагч багш нарыг бэлтгэн, сургагч багш нараар дамжуулан иргэдэд хуулийн мэдлэг олгож, эцсийн шатанд төслийг дүгнэн, Үндсэн хуулийн 100 жилийн ойгоо угтах юм. 





Холбоотой мэдээ