Шилжилт хөдөлгөөний талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-11-03 16:31:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн менежер Даниел Квеку Сэмийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын үеэр талууд хөдөө орон нутгаас хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, үүнд чиглэсэн үйл ажиллагааны тухай санал солилцов.


И.Баатархүү “Нийслэлд нийт хүн амын тал гаруй хувь нь оршин суудаг. Хөдөө орон нутгаас хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн их байна. Боловсрол, эрүүл мэндийн салбарын хүртээмжгүй байдал, авто замын түгжрэл, ажил эрхлэлт зэрэг тулгамдаж буй асуудал нь шилжилт хөдөлгөөнтэй шууд холбоотой” хэллээ. Түүнчлэн “Шинэ сэргэлтийн бодлого”-д хот, хөдөөгийн сэргэлтийн тухай бодлого тусгасан. Иргэдийг хөдөө орон нутаг руу шилжихэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлага тулгарсныг онцолжээ.


Харин НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн менежер Даниел Квеку Сэм “Монгол Улс шилжилт хөдөлгөөний хувьд онцлог хэв шинжтэй. Судалгаанд суурилсан зөв бодлого хэрэгжүүлвэл шилжилт хөдөлгөөн, төвлөрлийн зохистой бодлогын тухайд Монгол Улс олон улсад жишиг болох боломжтой. Үүнд НЗДТГ-аас дэмжин ажиллаж байгаад баяртай байна. Манай байгууллага “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг бүх талаар дэмжинэ. Мөн техникийн, мэргэжлийн болон бодлогын түвшинд дэмжихэд бэлэн” гэдгээ илэрхийлэв.


Талууд Монгол Улсын шилжилт хөдөлгөөний онцлог, ялгаатай тал дээр тулгуурлан хамтарч ажиллан, үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцолсныг нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар мэдээллээ. 

Холбоотой мэдээ