СЭЛЭНГЭ: Орон нутагт солонгос хэлний сургалт хичээллэж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЕБ-ын Хэрх сургууль, БНСУ-ын Нам Сөүл Хөдөө аж ахуйн их сургуультай газар тариалангийн
чиглэлээр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх зорилгоор оюутан элсүүлэх цаашдын
хамтын ажиллагааны гэрээг үзэглэж байсан мөч саяхан.
Тэгвэл энэ ажлын дараагийн алхам биелэлээ олж өнөөдөр “Нам Сөүл“
ХААИС-ийн зүгээс Улаанбаатар хот дахь Солонгос
хэлний “Зөгий“ сургалтын төвийн багш нараар солонгос хэлний сургалтыг орон нутагт явуулж эхэллээ.
Эхний ээлжинд гэрээг үндэслэн ерөнхий боловсролын Мандал
сумын Хэрх сургуулийг түшиглэн сургалтыг эхлүүлээд
байна. Сургалт эхний ээлжинд 45 хоногийн хугацаатайгаар сурагчийн, насанд
хүрэгчдийн гэсэн 2 ангиллаар явуулах аж. Цаашид эхлэн суралцагчдаас шалтгаалан шат дараатайгаар үргэлжлүүлэн явуулах юм.
Дээрх үйл ажиллагаанд Мандал сумын ИТХ-ын
дарга Н.Эрдэнэцэцэг болон Мандал сумын ЗДТГ-ын Нийгмийн бодлого хариуцсан
мэргэжилтэн Т.Мөрөн нар оролцож, нийт суралцагчдад
сурлагын амжилт хүслээ.