ХОВД: Төсөл хэрэгжүүлж буй сурагчид туршлага солилцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-10-31 12:14:16

Ховд /МОНЦАМЭ/. Хүүхдийг ивээх сангаас 2019-2024 онд алслагдсан бүсийн аймаг, сумдад Өсвөр үеийнхэнд  хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж байна.

Энэхүү төсөлд  Ховд аймгийн Булган, Алтай, Үенч, Мөст, Манхан, Зэрэг сумын багш, сурагчид хамрагдаж байгаа.

Сурагчид дээрх төслийн хүрээнд ESEL хөтөлбөрийн сургалтад оролцож, өөрийгөө хөгжүүлэх замаар  түрээсийн үйлчилгээ, гар урлал, жижиг оврын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаа, хөдөө аж ахуйн чиглэлээр бичил төсөл бичиж, 33 төрлийн бизнесийн санаагаа бодитоор хэрэгжүүлэн тэтгэлэг авч байна.


Уг ажлын үр дүнг тайлагнах, хүүхдүүд харилцан туршлага солилцох зорилго бүхий “Энтрепренер сийдс” уулзалт
аравдугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Булган суманд боллоо.

Уулзалтад төслийн зорилтот 6 сумын 130-аад хүүхэд оролцож, төсөл хэрэгжүүлэх явцад тохиолдсон бэрхшээл, гарц шийдэл, сургамж, цаашид анхаарах асуудлын талаар ярилцлаа. 

Мөн сурагчид үүрэг хуваарилалт ба үр дүнтэй багийн ажиллагаа, зорилгынхоо төлөө тэмцэж, өөрийгөө олж, багаар  хамтран ажиллаж, харилцан суралцаж байгаа туршлагаасаа хуваалцлаа.


Орон нутагт ажлын байр хомс, ур чадвар дутмаг байдгаас өсвөр үеийн хүүхэд, залуучууд ихээхэн бэрхшээлтэй тулгарч байна. Иймээс өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд хамгийн их шаардагдаж буй хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсролыг зорилтот орон нутгийн өсвөр үеийн хүүхэд, залуучуудад олгож, тэдний сурлагын үр дүнг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтэд бэлдэхээр  төслийн баг зорьж байна. 


Энэхүү зорилт эхнээсээ биелэлээ олж байгаа
гэж дээрх уулзалтын үеэр төсөл хэрэгжүүлэгчид онцоллоо. Мөн төслийн аймгийн зөвлөлийн 13, сумын зөвлөлийн 62 гишүүн, чиглүүлэгч багш нар ажиллаж байгаа ба цаашид сургууль, сурагчдаас гарсан санал, санаачлагыг дэмжих, сум орон нутагтаа төслийн тогтвортой байдлыг нь хангаж үлдэхэд хувь нэмэр оруулж ажиллахаар төлөвлөжээ.  

Төслийн үйл ажиллагаа цаашид үе шаттай үргэлжилж, орон нутгийн өсвөр үеийн хүүхдүүдийн хувь хүний ур чадварыг хөгжүүлж, энтрепренершип боловсролыг түгээх юм.   

Энтрепренершип гэдэг нь бусдад зориулан үнэт зүйл бий болгох замаар тодорхой хэрэгцээг шийдэх боломж болон санааг хэрэгжүүлэх чадамж юм. Энэ үнэт зүйл нь нийгмийн, соёлын болон санхүү, бизнесийн шинж чанартай байж болдог. 




Холбоотой мэдээ