СЭЛЭНГЭ: Сүхбаатар сум Унгар улстай 4 чиглэлд хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-10-28 16:04:44

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ-ын дарга Г.Амарбаясгалан, Засаг дарга Т.Пүрэвсүрэн нар Унгар улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд DR.Обрущанский Борбала Аннатай ажлын уулзалт хийжээ.

 

Өчигдөр буюу энэ сарын 27-ны өдөр болсон уулзалтаар өнгөрсөн 5-р сард  УИХ-ын гишүүн Ч.Ундрамаар уламжлуулан, элчин сайд DR.Обрущанский Борбала Аннатай уулзахдаа Сүхбаатар хотод хэрэгжүүлж болох боломжтой хэд хэдэн ажлын судалгааг гаргаж, төлөвлөгөөгөө танилцуулж байв.

 

Харин энэ удаагийн уулзалтын үр дүнд элчин сайд DR.Обрущанский Борбала Анна өмнөх уулзалтаар тавьсан саналуудаас Сүхбаатар суманд 4-н чиглэлийн ажлыг дэмжин хамтран ажиллах болсон байна. Тодруулбал:

 

-“Мангалика” үүлдрийн гахайг нутагшуулах, үржүүлэх, фермер байгуулах,

 

-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум болон Унгар улсын хөдөө аж ахуй, газар тариалан хосолсон хот сууринтай ах дүүсийн нөхөрсөг хамтын харилцааг хөгжүүлэх, бизнесийн ажил хэрэгч уулзалт, аялал зохион байгуулах,

 

-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд Унгар улсын  эмч Радноти Рот Андорын нэрэмжит гудамжийг байгуулах, хоёр улсын түүхэн харилцааны бичиг баримт бүхий 270 гаруй гэрэл зургийн дэлгэмэл хуулбарыг Сэлэнгэ аймгийн түүхийн музейд байрлуулах,

 

-Унгарын Засгийн газраас гадаад оюутнуудад олгодог дээд боловсролын Стипэндиум Хунгарикум (Stipendium Hungaricum) тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх.

 

Энэхүү Монгол-Унгар улсын засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын сургуулиудад Унгарын дээд боловсролын байгууллагад суралцуулах, улмаар тогтвортой хөгжлийг дэмжих. Цаашлаад бакалавр, магистр, докторын зэрэгтэй төгсөх хосолсон тэтгэлэгт хамрагдах сургалтын түвшингийн талаар сургалт зохион байгуулах зэрэг ажлуудыг орон нутагтаа хэрэгжүүлэхээр харилцан тохиролцжээ.

Холбоотой мэдээ