ЗАВХАН: Ерөнхий боловсролын 29 сургууль хөгжмийн кабинеттэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-10-28 11:51:25

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг улсын хэмжээнд анх удаа ерөнхий боловсролын бүх сургуулиа иж бүрэн хөгжмийн кабинеттэй болголоо.  

Завхан аймгийн боловсролын салбарт сүүлийн 30 жилд анх удаа 1.7 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг улсын төсвийн хөрөнгөөр хийж байна. Тодруулбал, энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 29 сургуульд 1015,0 тэрбум төгрөгийн санхүүжилтээр иж бүрэн хөгжмийн кабинет байгуулжээ.

Мөн 29 сургуульд 250 сая төгрөгийн компьютер тоног төхөөрөмж, 14 цэцэрлэгт 147 сая төгрөгийн хөгжмийн зэмсэг, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ. Түүнчлэн 19 цэцэрлэгт 308 сая төгрөгийн гадна талбайн, тохижилтын тоног төхөөрөмжийн хамт, 44 сая төгрөгийн гал тогооны тоног төхөөрөмжийг улсын төсвийн хөрөнгөөр шийдвэрлэж өгсөн байна. 

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бүх ерөнхий боловсролын сургуулийг хөгжмийн иж бүрэн кабинеттэй болгох зорилтыг тусгуулсан. Мөн урлаг, спортоор дамжуулан монгол хүний хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, хүнлэг, өөртөө итгэлтэй, тэвчээртэй ёс суртахуунтай хүмүүжлийг хүүхэд бүрт төлөвшүүлэх зэрэг олон ажлыг санаачлан хийж байгаагийн нэг нь хөгжмийн боловсролыг дэмжих, хөрөнгө оруулалтын энэхүү ажил юм.

Завхан аймгийн боловсролын салбарыг дэмжих, хөгжүүлэхэд онцгой анхаарах амлалтынхаа хүрээнд цаашид шаардлагатай ажлуудыг дэмжиж шийдвэрлэнэ гэж УИХ-ын гишүүн Б.Баярсайхан аймгийн иргэдтэй уулзах үеэр дуулгасан.

Сүүлийн хоёр жилд их хурлын гишүүний санаачилгаар аймгийн боловсролын салбарт орж буй хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдсэн. Үүний тодорхой хувийг нь сургууль, цэцэрлэгүүдийн хөгжим, техник хэрэгсэл, хүүхдүүдийн сурч хүмүүжих аюулгүй тоглоомын иж бүрэн талбайн хөрөнгө оруулалтууд юм гэж аймгийн БШУГ-аас мэдээлэв.   

Холбоотой мэдээ