Нээлттэй өгөгдлийг төрийн байгууллагууд хангалттай ашиглаж эхлээгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-10-27 12:46:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад мэдээлэлтэй холбоотой Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль эрхзүй бүрдэн энэ оны 5 дугаар сараас хэрэгжиж эхэлж байна.


Үүнтэй холбоотойгоор мэдээллийн нээлттэй өгөгдөл гэсэн нэр томъёо, ухагдахуун, түүний хэрэглээ бий болжээ. Гэхдээ энэ нь хангалттай бус, дөнгөж эхлэлийн байдалтай байна. Энэ талаар буюу нээлттэй өгөгдөл, түүний хэрэглээний талаар Нээлттэй нийгэм форум, “Тунгаахуй урлан” ТББ-аас сэтгүүлчдэд танилцуулж мэдээллээ. Энэ талаар “Тунгаахуй урлан”-г үүсгэн байгуулагч, судлаач Э.Тунгалагаас тодрууллаа.


-Манай улсад нээлттэй өгөгдлийн хэрэглээ ямар байдалтай, хэрхэн хэрэгжиж байна вэ?

-Хэдийгээр мэдээллийн тухай хууль, журмууд гарсан ч нээлттэй өгөгдлийн ашиглалт, эрх зүй дөнгөж хэрэгжиж эхэлж байна. Гэхдээ ҮСХ зэрэг төрийн зарим байгууллага нээлттэй өгөгдлийн мэдээллийн сан байгуулах зэргээр ажиллаж буй жишээ байна. Нээлттэй өгөгдөл гэдэг нь товчхондоо төрийн мэдээллийг олон нийтэд нээлттэй болгож, хэн ч амьдрал ахуй, үйл ажиллагаандаа янз бүрийн зорилгоор, чөлөөтэй ашиглаж хэрэглэж болно гэсэн ойлголт.


Ямар нэг хязгаарлалтгүйгээр  дахнин түгээхийг хэлж байгаа юм. Хэдийгээр энэ талын ойлголт, яриа манай улсад 2000 оноос эхлэн “Төрийн их өгөгдөл”, “Нээлттэй мэдээлэл” зэрэг нэрээр байсаар ирсэн ч одоо л дөнгөж хэрэглэж эхэлж байна. Улмаар албан ёсны суурь хууль эрх зүй нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, түүнийг дагалдаж гаргасан журмуудаар одоо л дөнгөж бүрдэж, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хэрэгжилтийг хангахаар ажиллаж байна.


Гэхдээ нээлттэй өгөгдөл гэж үүнийг хэлнэ гэсэн нарийн тодорхойлсон зүйл хууль болон журмуудад тусгаагүй. Харин хуулийн 12 дугаар зүйлийн 1-д нийтийн мэдээллийг нууцад хамаарахгүйгээр болгоод, тэдгээр нь нээлттэй өгөгдөл байна гэж ерөнхийд нь тусгасан. Тэгвэл нээлттэй өгөгдөл гэж ямар шаардлага хангасан мэдээллийг хэлдэг вэ гэхээр дээр дурдсанаар хэн ч чөлөөтэй ашиглах болох, цахим орчинд байршуулсан, системийн машинаар уншиж хэрэглэж болохуйц, бүтэцлэгдсэн байх ёстой ийм суурь шаардлагатай юм.


-Нээлттэй өгөгдлийг ашиглаж хэрэглэхийн ач холбогдол, үр дүн юунд байдаг вэ?

-Ерөнхийд нь хэлэхэд нээлттэй өгөгдлийг хэрэглэснээр удирдлагын түвшинд засаглалын нээлттэй байдлыг бий болгож хангадаг. Мөн төр, нийгэмд ил тод байдал, шударга хяналтыг бий болгодог. Эдийн засаг, бизнест инновацыг дэмжиж, баялаг, шинэ мэдлэгийг түгээж бүтээдэг зэрэг олон салбарт, олон талын ач холбогдолтой. Товчхондоо хэлэхэд өгөгдөл нь бидэнд мэдээлэл өгч, улмаар нөхцөл байдлыг бодитоор харах, асуудлыг нээж шийдэл олох, шинэ санаа гаргахад тусалдаг гэв.


Нээлттэй өгөгдөл нь олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр нийгэмд хүрдэг. Эдгээрийг дурдвал:

  • Хэвлэмэл бүтээгдэхүүн хэлбэрээр тайлан, судалгаа, тойм, нийтлэл гаргах,
  • Цахим бүтээгдэхүүн нь цахим хуудас, аппликейшнаар түгээх,
  • Системийн хувьд ERP болон BI аналитик ашиглах,
  • ХМХ сэтгүүлзүйн бүтээгдэхүүн хэлбэрээр өгөгдлийг дүрсжүүлэх, интерактив нийтлэл, бодит цагийн дүрслэлээр мэдээлэл түгээр зэргээр төрөлжин ашигладаг.

Нээлттэй өгөгдлийг манай улсад хэрхэн ашиглаж буй талаар төрийн мэдээлэл хариуцагч нарын дунд явуулсан судалгаагаар, оролцогчдын 52.9 хувь нь өгөгдлийн ур чадвар дутагдалтай, мөн адил хувь нь өгөгдлийн бэлэн бус байдлыг нэрлэсэн бол 50 хувь нь программ хангамж, техник, тоног төхөөрөмж болон технологитой холбоотой хүндрэл гарч байна гэж хариулжээ.


“Танай байгууллага өөрийн цахим хуудсанд нээлттэй өгөгдлийг хэрхэн тусган нийтэлж, хэрэгжүүлж байна вэ? “ гэсэн асуулгад 58.8 хувь нь нийтэлж, хэрэгжүүлж эхлээгүй, 32.4 хувь нь тодорхой хэсгийг нийтэлсэн, 8.8 хувь нь бүрэн нийтэлсэн гэсэн хариу өгчээ. Тэгвэл "Танай байгууллага нээлттэй өгөгдөл үүсгэх, нийтлэх үйл ажиллагааг төлөвлөж байгаа юу?” гэсэн асуулгад 76.5 хувь нь тийм, 23.5 хувь нь үгүй гэсэн байна.




Тодруулга: Мэдээллийн өгөгдөл нь анх шинжлэх ухааны мэдээлэл нь олон нийтэд нээлттэй байх ёстой гэдэг үүднээс 1940-өөд оноос АНУ-д яригдаж эхэлжээ. Дараа нь 1995 онд АНУ-ын шинжлэх ухааны агентлагийн баримт бичигт нээлттэй өгөгдөл гэсэн нэр томъёог анх тусган хэрэглэжээ. Улмаар интернэт, вэбсайт хөгжиж эхэлснээр эдгээр нь нээлттэй өгөгдлийн суурь дэд бүтэц болон эрчимтэй хэрэглэж иржээ. 

Холбоотой мэдээ