Дүүргүүдийн ЖДҮ эрхлэгчид төв талбайд бүтээгдэхүүнээ дэлгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-10-20 14:30:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн “Жижиг, дунд үйлдвэр-үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-аас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдааг Д.Сүхбаатарынн талбайд зохион байгуулж байна.



“Нэг ч ЖДҮ эрхлэгч хөгжлөөс хоцрох учиргүй” уриан дор болж буй үзэсгэлэн худалдаанд Баянгол, Хан-Уул, Багахангай, Багануур зэрэг нийслэлийн дүүрэг бүрийн жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч нар оролцон нийслэлчүүдэд бараа, бүтээгдэхүүнээ дэлгэжээ.




Жил бүр зохион байгуулдаг тус үзэсгэлэн, худалдаанд өнгөрсөн жил 130 гаруй иргэн, ААН 1500 орчим бараа, бүтээгдэхүүнээ дэлгэж байвЭнэ жил нийслэлийн 9  дүүргийн 140 гаруй иргэн, ААН 2000 орчим бүтээгдэхүүнээр оролцож байна. Баянгол дүүргээс л гэхэд 20 гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч хамрагджээ.






Худалдаа, үйлдвэрлэл эрхлэгч нараас талбайн түрээс авахгүй байгаа учир тэд бараа, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдах боломжтой аж. Үзэсгэлэн худалдаанд дүүргүүдийн ЖДҮ-ийг дэмжих төвөөр бойжин гарсан гишүүн ААН-үүд түлхүү оролцож байна. Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвүүд нь гишүүдээ үзэсгэлэн худалдаанд үнэ төлбөргүй оролцуулан, бизнесийн сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг юм. 






Энд үндэсний үйлдвэрлэгч нарын урлаж бүтээсэн дулаан бээлий, оймс, монгол дээл, гутал, арьс ширэн болон ноос, ноолууран, савхин эдлэлийн бүтээгдэхүүн, зөгийн цэвэр бал, ургамлын цай, ханд, мөн эмийн ховор ургамал, бэлэг дурсгал зэрэг гар урлалын болон хүнсний бараа бүтээгдэхүүнийг танилцуулан худалдаж байна. 






"Нэг ч ЖДҮ эрхлэгч хөгжлөөс хоцрох учиргүй” үзэсгэлэн худалдаа ирэх ням гараг хүртэл дөрвөн өдөр үргэлжлэн гарна. Тиймээс нийслэлийнхнийг төв талбайг зорин, өвлийн бэлтгэлээ базаахын зэрэгцээ дотоодынхоо бүтээгдэхүүнийг худалдан авч, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, таны худалдан авалт бүхэн ЖДҮ эрхлэгч нарт том дэм болно хэмээн Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвөөс уриалж байна. 









Холбоотой мэдээ