СҮХБААТАР: 28,5 сая литр сүүний нөөцтэй ч 30 орчим хувийг л дотоодоосоо хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-10-19 15:00:11

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх байдал өнгөрсөн оноос 10 гаруй хувиар нэмэгджээ. Одоогоор аймгийн хэмжээнд махаа 100 хувь бэлтгэж байгаагийн 51,5 хувь нь үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах байдаг. Төмс 34,3 хүнсний ногоо 7,4 гурилан бүтээгдэхүүн 20, сүүний 30 хувийг дотоодоосоо хангаж байна. 


Тус аймаг жилд 28,5 сая литр сүүг бэлтгэх нөөцтэй ч иргэдийн малчид болон ААН-үүдээс худалдан авч буй хэмжээг авч үзвэл нийт нөөцийнхөө 30 орчим хувийг л авдаг, бусад тохиолдолд импортын бүтээгдэхүүн хэрэглэдэг байна. Энэ нь малчид, мал бүхий иргэд үнээгээ саах нь ховор болсонтой холбоотой. Жимс жимсгэний тухайд жилд 4000 орчим тоннын хэрэгцээ шаардлага байдаг ч одооноос л орон нутагт олон төрлийн жимсийг тарьж эхэлж байна гэж аймгийн ХХААГ-ын хэлтсийн дарга Б.Алтаннавч хэллээ.

Энэ жил Сүхбаатар, Эрдэнэцагаан, Түмэнцогт суманд нийт 7627 га талбайд тариалалт хийснээс голлох нь улаанбуудай 3125 га, малын тэжээл 875 га талбайд тарьсан байна. Малын тэжээл 875 га талбайд тарьснаас 2185 тонн өвс хураана гэж төлөвлөжээ.

Төмс хүнсний ногоог хурааж дууссан. Урьдчилсан мэдээгээр 730 тонн төмс, 470 тонн хүнсний ногоо хураан авчээ. Тосны ургамал, улаанбуудай зэрэг зарим ургац хураалт дуусаагүй байна. Одоогоор аймгийн хэмжээнд ургац хураалт 85 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд энэ сарын сүүлээр ургац хураалтыг бүрэн дуусгах аж.

 

Холбоотой мэдээ