ГОВЬ-АЛТАЙ: Алтай ятга хөгжмийн "Чүрэ" чуулгыг үүсгэн байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-10-18 11:05:38

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Ирээдүйд өвлүүлэх өв соёл” Ардын дуу, бүжгийн “Алтай” чуулгын дэргэд нэн эртний 1400 жилийн өмнөх соёл иргэншлийг тээсэн алтай ятга хөгжмийн "Чүрэ" чуулгыг үүсгэн байгуулах нээлтийн үйл ажиллагаа болов. 


Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн "Соёлын үнэт өв зүйлийг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлөн уламжлуулах" хэмээн заасны дагуу Засаг даргын санаачилгаар “Ирээдүйд өвлүүлэх өв соёл” алтай ятга хөгжмийг эгшиглүүлэх нээлтийн үйл ажиллагааг аравдугаар сарын 17-нд зохион байгуулав. Энэхүү үйл ажиллагаанд тус аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар холбогдох албаны бусад төлөөлөл болон Монгол угсаатны хөгжмийн товчооны тэргүүн, хөгжим судлаач Д.Ганпүрэв нар оролцсон юм.


Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатар үйл ажиллагааны эхэнд: “Алтайнханд бид бусдаас ялгарах ялгарамж, орон нутгийн онцлог тийм ч их биш. Тиймээс бид алтай ятга хөгжмийг орон нутагт анх удаа эгшиглүүлэхээр “Чүрэ” чуулгыг үүсгэн байгуулж байна. 1400 жилийн өмнө эгшиглэж байсан тэр аялгууг сонсон, түгээн дэлгэрүүлж, өвлүүлэн үлдээх шанг татаж байгаадаа баяртай байна” гэлээ. Тэрээр цааш нь хэлэхдээ:


2023 оны нэгдүгээр сарын 1-нд Говь-Алтай аймагт 1000 туульчаар тууль хайлуулж, энэхүү гайхалтай хөгжмийг эгшиглүүлэхээр төлөлөсөн. Алтай чуулгын тайзнаа анх удаа алтай ятга хөгжим эгшиглэх гэж байна, та бүхэнд шинэ мэдрэмжийг өгнө гэдэгт итгэлтэй байна.


“Чурэ” чуулга нь Ардын дуу бүжгийн Алтай чуулгын 20 гаруй уран бүтээлчээс бүрдэж, ийнхүү соёлын үнэт өвийг түгээн дэлгэрүүлэх их үйлсийн түүхэн хуудсыг нээлээ.


Монгол угсаатны хөгжмийн товчооны тэргүүн, хөгжим судлаач Д.Ганпүрэв:


"Алтай ятга хөгжмийг 2008 онд Ховд аймгийн Манхан сумын малчин Н.Дандар Жаргалант хайрхны баруун бэлээс булш олж түүхийн багш н.Энхтөрд хэлснээр алтай ятгын шинэ түүх эхэлсэн гэж үздэг. Түүнээс хойш өдгөө 14 жил өнгөрсөн байна. Ил хөгжмийг ийнхүү дахин сэргээснээрээ монгол угсаатны дархлаа хийгээд олон зуун жил дахин бий болох хүний дотоод мэдрэмжүүдийг сэрээж буйгаараа онцлогтой. Хөг эгшиг, авиа аялгуу нь хүн төрөлхтөнтэй салшгүй нандин зүйл учир нүүдэлчдийн дуу авиаг заавал эгшиглүүлэн сэргээх нь соёлын бодлогын нэг байж болох юм” гэв. 



Ардын дуу бүжгийн Алтай чуулгын дарга Э.Отгонбаатар: “Манай Алтай чуулга хийгээд Алтайнхны түүхэнд шинэ хуудас нээсэн гайхалтай сайхан үйл ажиллагаа болж байна. Бид соёлын үнэт өвийг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээхээр энэхүү үйл ажиллагааг зохион байгууллаа. Алтай ятга хөгжмийн “Чүрэ” чуулгыг Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын дэргэд анхлан байгууллаа.


Энэхүү ятга хөгжим бол тууль хайлах зориулалтаар бүтээгдсэн таван чавхдаст хөгжим юм. Алтай нутагт энэ гайхалтай хөгжмийн шинэ чуулга байгуулснаар хүн болгон тоглож сурах, үр хүүхдэдээ өвлүүлэх боломжууд нээгдэж байгаа юм. Цаашид бид энэ төрлийн дугуйланг хичээллүүлж олон нийтэд түгээн дэлгэрүүлнэ” гэдгээ онцлон хэлсэн юм.




2008 онд ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн ажилтан, профессор Ц.Төрбат, Д.Батсүх нарын удирдсан хээрийн шинжилгээний анги Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрхан уулын Нүхэн хадны оршуулгыг малтан судалжээ.

 

Энэхүү оршуулга нь түрүү дундад зууны үеийн 20-25 настай дайчин эрийн булш байсан бөгөөд олон тооны эд өлгийн зүйлс гарсны дотор хамгийн гайхамшигтай олдвор нь модоор урласан чавхдаст хөгжмийн зэмсэг байсан юм. Евразийн хэмжээнд булш оршуулгын малтлагаас модон хөгжмийн зэмсэг гарсан тохиолдол нэн ховор байдаг нь өнөөг хүртэл хадгалагдаж ирэх нөхцөл хангалтгүй байсантай холбоотой юм. Харин төмөрлөг болон яс, чулуун зэмсгүүд цөөнгүй гарч байжээ.

 

Жаргалант хайрхны хөгжмийн зэмсэгтэй адилтгаж болохуйц олдворууд зөвхөн Алтайн уулсын өндөрлөгт орших мөнх цэвдгийн булш, эсвэл Шинжааны хэт хуурай бүс нутгаас гарсан байдаг бөгөөд босоо ятга хөгжим бүр НТӨ 3000 жилийн үед Ойрхи Дорнодод үүсэж, олон төрөл болон салбарлан хөгжсөн байна.


Уг хөгжмийн их биеийг залгаасгүй хус модоор сийлжээ. Харин царын таг болон тээгийг уд модоор хийсэн болохыг судлаачид тогтоосон байна. Нарийн урт хүзүү, завь хэлбэрийн их биетэй. Хөгжмийн толгой хэсэгт шөмбөгөр хоншоор, багахан хөхөл бүхий адууны толгойг дүрсэлжээ. Адууны дагзан дээр дөрвөлжин хэлбэрийн нүх ухсан нь чавхдас бүхий босоо гарыг суулгах үүрэгтэй аж. Хүзүүг хар өнгийн холтсоор битүү ороожээ.


Жаргалант хайрханы хөгжмийн царын эсрэг талд сийлмэл зураг сийлсэн нь өвөрмөц. 6 буга, 1 янгир, 5 нохой болон нумаа эвшээлгэн харвахыг завдаж буй нэгэн анчныг сийлсэн нь Түрэгийн үеийн хадны зургийн дүрслэлтэй зарим талаар төстэй аж. Ан авын сэдэвтэй зураг хэмээн үзэж болох бөгөөд эртний нүүдэлчид их ав хомрогын өмнө уул усны эзэн савдгаа эл аялгуут хөгжмөөр аргаддаг байсан болов уу хэмээн судлаачид таамагладаг.

 

Уг хөгжмийн зэмсгийн хажуу бөөр, хүзүүний дагуу 6 хэсэг газарт эртний руни бичгийг сийлжээ. Профессор Ц.Баттулгын тайлж, уншсаны дагуу уг хөгжмийг эртний түрэг хэлээр Яаялиг (монгол хэлээр - Аялгуут) хэмээн нэрлэж байжээ. Харин хөгжмийн зэмсгийг эзэмшиж байсан баатар эрийг Чүрэ гэдэг төдийгүй түүний олонд түгсэн алдар цуу нь Яая-Огыл буюу “Аялгууч хүү” гэдэг байсан бололтой. Хөгжим судлаач, урлаачдын хамтын судалгааны үр дүнд уг хөгжмийн зэмсгийн унаган хөг аялгууг сэргээн тогтоожээ. Өдгөө язгуур урлагийн “Алтай” хамтлаг эл хөгжмийн зэмсгийг дахин сэргээж олон гайхалтай аялгууг туурвиж буй бөгөөд хөгжмийн нийт урт 72 см, өргөн 10,1 см ажээ.

Мөн энэ зэмсэг нь VII зууны Түрэгийн үед хамаарах бөгөөд Монгол Улсад төдийгүй олон улсын хэмжээнд энэ төрлийн хөгжмийн анхны, цор ганц олдвор болохыг Германы Боннын их сургуулийн доктор Жан Бэрман болон эртний хөгжим судлаач Сюзанна Шүлц нар онцолсон удаатай.


Холбоотой мэдээ