Байгалийн хий дамжуулах төслийн хүрээнд Монголд маневрлах чадлын станц байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-10-18 09:50:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу тавих байгалийн хийн хоолойн төслийн хүрээнд Монгол Улсад эрчим хүчний суурь горимын тохируулга хийнэ.


Мөн нөөц чадлыг богино хугацаанд гаргах, маневрлах чадвартай том чадлын хийн станцыг барьж байгуулна. Ингэснээр эрчим хүчний эх үүсвэрийн бүтэц оновчтой болж импортын эрчим хүч буурч, байгалийн хий ашиглах боломж нээгдэх талаар төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-иас мэдээлж байна. Уг төсөл хэрэгжсэнээр 13000 ажлын байр нэмэгдэх юм.


Москва хотноо өнгөрсөн 7 хоногт болсон ОХУ-ын “Эрчим хүчний долоо хоног” форумын үеэр ОХУ-аас БНХАУ руу тавих байгалийн хийн хоолойн “Сибрийн хүч-2” төслийн талаар хөндсөн юм. Тодруулбал, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин эрчимтэй хөгжиж буй зах зээлд эрчим хүчний экспортоо үргэлжлүүлэн нэмэгдүүлэхээ мэдэгдэж, тус төслийн Монголын хэсгийн бүтээн байгуулалтад идэвхтэй оролцох болно гэдгий онцолжээ.


Тэгвэл манай улсын талаас уг төслийн талаар “Эрдэнэс Монгол” ХХК-иас мэдэгдэж байгаагаар, байгалийн хий нийлүүлэх хоолойн төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын төсвийн орлого нэмэгдэж, төсвөөр дамжуулан санхүүжих дунд болон урт хугацааны хөгжлийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх нэмэлт эх үүсвэр бий болно хэмээн үзэж байна.


Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх байгалийн хийн хоолой барих төсөл нь ОХУ-аас БНХАУ руу чиглэсэн 962 км урттай Монгол Улсын 6 аймаг, 23 сумын нутгаар дайран өнгөрнө. Байгалийн хий дамжуулах хоолой нь газар доогуур 1.5-1.8 метрийн гүнд баригдах бөгөөд маршрутын дагуу 5 компрессорын станц барихаар урьдчилсан байдлаар тооцоолжээ


Засгийн газар 2020 оны 4 дүгээр сарын 15-ны хуралдаанаар байгалийн хий дамжуулах хоолойн төсөлд Монголын талыг төлөөлж “Эрдэнэс Монгол” компани ажиллах нь зүйтэй гэж үзсэнийг дурдлаа. Энэ дагуу “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ байгалийн хий дамжуулах хоолойн төслийн талаар ОХУ болон БНХАУ-ын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, төслийн бэлтгэл ажлыг хангах, харилцан мэдээлэл солилцох чиг үүрэг бүхий “Эрдэнэс Газ” төслийн нэгжийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяанд байгуулан ажиллаж байгаа аж.

“Эрдэнэс газ” төслийн нэгж нь Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын “Газпром” НХН-ийн Хамтарсан ажлын хэсгийн 2020, 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг бүрэн биелүүлж, одоо 2022-2024 оны төлөвлөгөөний дагуу ажлаа явуулж байгааг мэдээллээ.




Энэхүү төсөл нь гурван улсыг дамнасан томоохон төсөл учир бичиг цаасны ажил ихтэй. Оролцогч талуудтай харилцан ойлголцлын санамж бичгээс эхлээд нууцлалын хэлэлцээр, хамтран ажиллах протокол, 2022-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг 11 баримт бичгийг байгуулаад ажиллаж байна.

Нэмж мэдээлэхэд, ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хийн хоолой татах төслийн Зураг төсөл, инженерийн хайгуул судалгааны ажлыг эхлүүлэх гэрээнд талууд өнгөрсөн 2 дугаар сард гарын үсэг зурсан. Мөн төслийн ТЭЗҮ-ийг төлөвлөсөн хуваарийн дагуу 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бүрэн дуусгаж, Монголын талд хүлээлгэн өгсөн юм.


“Эрдэнэс Монгол” ХХК нь Тусгай зориулалтын компанитай хамтран байгалийн хий дамжуулах хоолойн зурвас газрыг нарийвчлан тодорхойлоод байна. Энэхүү зурвас газрын чигийг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авахаар ажиллаж байна. Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх байгалийн хий нийлүүлэх хоолойн улс төр, геополитик, эдийн засаг, нийгэм, гурван улсын харилцаа, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар судалгаа хийж байна.

Холбоотой мэдээ