Засаг дарга А.Эрдэнэбаатар ахмадуудад мэндчилгээ дэвшүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-04 22:30:51

Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар ахмад настануудад зориулж мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ “Монголчууд эрт үеэс ахмад настнууддаа хишиг буян, хайр хүндэтгэлээ үзүүлж үг, сургаалыг  нь сонсож ирсэн сайхан уламжлалтай. Өнөөдөр Хөвсгөл аймгийн хүн амын 7,7 хувийг  ахмад настнууд эзэлж байна.  Хүн амын насжилтыг уртасгах, ахмад настны аж байдлыг сайжруулах, тэднийг нийгмийн амьдралд оролцох, нийгмийн идэвхитэй гишүүн байх тааламжтай орчныг бий болгох, эрүүл насжих нөхцлийг нэмэгдүүлэх бодлогыг баримтлан, шийдвэр гарган ажиллаж байна. Бид нийгмийн халамжийг зорилтот бүлэгт буюу төрийн халамж, дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай хэсэгт түлхүү чиглүүлж, хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд онцгой анхаарч байна. Ахмад настанд зориулсан нийгмийн хамгааллын арга хэмжээ нь тэднийг ядуурлаас сэргийлж, орлогын баталгааг хангах арга хэмжээ болох ёстой. Ахмадуудын хийж бүтээсэн зүйлүүдийг залуу үеийнхэн үргэлжлүүлэх үүрэгтэйн зэрэгцээ хуримтлуулсан асар их мэдлэг,туршлагыг нь өвлөн авч улс орныхоо хөгжил цэцэглэлтэд ашиглах ёстой. Буянт буурлууд та бүхнийг ажлын их туршлага, мэдлэг, ёс уламжлал, зан үйлээ хүүхэд залууст өвлүүлэхэд анхаарч, манлайлан ажиллахыг уриалж байна” гэдгийг хэлж байлаа.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд