Монгол жолооч нарт олон улсын тээврийн картыг нэвтрүүлэх талаар ярилцлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол, Беларусь улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах уулзалт Минск хотноо болов.
Уулзалтаар хоёр орны хооронд хийж буй ачаа, зорчигч тээврийн статистик мэдээ, тээвэрлэлтийн нөхцөл байдал, зөвшөөрлийн бичиг, картын системийн талаар хэлэлцэв.
Уулзалтад ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан, Беларусийн талаас Тээвэр, дэд бүтцийн яамны Автотээвэр ба хотын зорчигч тээврийн газрын дарга А.И.Гладкий нарын төлөөлөгчид оролцлоо.
Монголын талаас манай тээвэрчдэд тулгарч буй зөвшөөрлийн
бичигтэй холбоотой хяналт шалгалтын талаар
анхаарч үзэх, Монгол Улс "Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн
хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр"-т нэгдэн орсонтой
холбоотойгоор тахографын төхөөрөмжийг нийлүүлэх, ашиглах талаар санал тавив. Мөн жолооч нарын картын
мэдээллийг бүрдүүлэх, чип болон картыг боловсруулж тээвэрчдэд олгох, хяналтын
байцаагч нарыг сургаж, дадлагажуулах талаар хамтарч
ажилахаар болов.
Мөн Беларусийн автотээвэрчдийн холбоо-БАМАП-ын үйл ажиллагаатай танилцаж, даатгалын байгууллагуудтай хамтарч ажиллах, ногоон картын системийг Монголын тээвэрчид ашиглах боломжийг бүрдүүлэх талаар ярилцлаа. Олон улсын тээврийн жолооч нарын визийг богино хугацаанд олгож буй талаарх туршлагыг судлав.
Монголын төлөөлөгчид түүнчлэн олон улсын
тээвэрлэлтийн гол зам болоод байгаа Беларусь-Литовийн хилийн Каменный лог
боомтод очиж, Европоос ирж буй ачааны тээвэрлэлт болон ачаатай чиргүүл
солилцох, сэлгэх ачих терминалын үйл ажиллагаа, олон улсын тээврийн нөхцөл
байдалтай танилцаж, цар тахлын үед улс хоорондын тээврийг зохион байгуулж буй
туршлага солилцон, хамтарч ажиллах боломжуудын талаар ярилцав.
Беларусийн талаас алдарт МАЗ үйлдвэрийн автомашин угсарч буй шугам, үйлдвэрийн үйл ажиллагаа, Монголын зах зээлд нийлүүлэх боломжтой автомашин, автобусны талаар мэдээлэв. Беларусийн тал автозамын хяналт шалгалт, даац хэтрүүлэлтэд тавих хяналт, хариуцлагын тогтолцооны талаар газар дээр нь тодорхой танилцуулав.