ДОРНОД: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийн барилга 85 хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-10-07 16:43:21

Дорнод /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийн барилгын явц 85 хувьтай үргэлжилж байна. Дорнод аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв нь 1,3 сая долларын санхүүжилттэй, 1800 м.кв талбайг хамарсан ногоон байгууламж бүхий барилга юм.

Дээрх төвийг ашиглалтад оруулснаар төрөлхийн хөгжлийн бэрхшээлийн шалтгааныг бууруулах, эрт илрүүлэг, олдмол хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэн бүрт тохирсон сэргээн засах эмчилгээ, үйлчилгээг хүргэнэ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн амьдралд бие даан оролцох, нийгэмших, хөдөлмөр эрхлэх, амьдрал ахуйгаа бие даасан байдлаар шийдвэрлэх, бусдаас хараат бус амьдрах боломжийг олгох зэрэг олон давуу талтай аж. Харин тус төвд ажиллах боловсон хүчнийг сургалтад хамруулан бэлдсэн байна. Тухайлбал, нийгмийн ажилтан болон хэл засалчаар тус бүр дөрөв, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, сул харааны тусгай эмчээр тус бүр нэг, АШУҮИС-ийн тэтгэлэгт хөтөлбөрт хоёр, туслах техникчийн сургалтад гурван хүнийг хамруулснаар тус төвд ажиллах боловсон хүчин бэлэн болжээ. 

Ташрамд дуулгахад, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах" төслийн хүрээнд Дорнод, Архангай, Дундговь, Ховд, Хөвсгөл, Дархан-Уул аймагт “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв” ийн барилгыг барьж байна.


Холбоотой мэдээ