БАЯНХОНГОР: Зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийхээр ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-10-06 14:19:56
Баянхонгор /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссоос томилсон шуурхай ажлын баг өнөөдөр /2022.10.06/ Баянхонгор аймагт ажиллаж байна. Шуурхай ажлын багийн бүрэлдэхүүнийг улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүү ахлан яваа бөгөөд Засаг дарга Д.Мөнхсайхан болон аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүнтэй уулзаж, аймгийн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явц мэдээлэлтэй танилцаж, холбогдох асуудлаар зөвлөгөө чиглэл өгч байна.
Ажлын багийнхан Хөдөө аж ахуйн салбарын байгалийн болзошгүй гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцыг хянах, отор нүүдлийн зохицуулалтыг газар дээр нь үзэж танилцах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, улирлын шинж чанартай цаг агаарын өөрчлөлтийн төлөв байдалд тулгуурлан ган, зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийхээр орон нутагт ажиллаж байгаа аж.
Баянхонгор аймагт 2022 оны хавар, зуны улиралд хур борооны тоо багасч, түр зуурын борооны давтамж нэмэгдсэнээс зуншлага нийт нутаг дэвсгэрийн 95 хувь нь гандуу буюу гантай байсан. Мөн 2022-2023 оны өвөл, хаврын бэлчээрийн даац нийт нутгийн 85 хувьд 5 дахин хэтэрсэн бөгөөд аймгийн нутаг дэвсгэрт есдүгээр сарын байдлаар 4.5 сая толгой мал зусжээ. Нийт мал сүргийн 15 хувь буюу 225.1 мянган толгой мал сүрэг “дундаас доош” тарга, хүч авч, говь, тал, хээрийн сумдад өвөлжиж, хаваржих боломж хомс, өвөлжилт хүндэрсэн тохиолдолд мал олноор хорогдох эрсдэл үүсээд байна. Мөн өнөөдрийн байдлаар нийт дөрвөн аймгийн долоон сумын 86 өрхийн 32273 толгой мал тус аймгийн зургаан сумын нутаг дэвсгэрт отроор намаржиж байна.
Одоогийн байдлаар Баянхонгор аймаг нийт 470.4 тонн өвс, тэжээл татан төвлөрүүлж, нөөц бүрдүүлэх ажил 50 гаруй хувийн явцтай байгаа аж. Нөөц бүрдүүлэх ажлын хүрээнд өвс тэжээлийн татан авалтыг 11 дүгээр сард 100 хувь татан төвлөрүүлэхээр ажиллаж байгаа аж.
Холбоотой мэдээ