ГОВЬ-АЛТАЙ: Улсын онцгой комиссын ажлын баг Говь-Алтай аймагт ажиллаж байна

ОРОН НУТАГТ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-10-06 21:16:08

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ХХААХҮЯ, ХНХЯ, ОБЕГ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, УЦУОСМХ, МЭЕГ-ын мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын баг Говь-Алтай аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж байгаа тухай ЗДТГ-аас танилцууллаа.


Аймгийн хэмжээнд хагас жилийн мал тооллогоор нийт 4,236.1 мянган толгой мал тоологдсоноос аймгийн дотоодын хэрэгцээнд 358.8 мянган толгой мал, зах зээлд 897.7 мянган толгой мал, нийт 1,256.5 мянган толгой малыг нийлүүлж, 2,979.6 мянган толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан тооцоо гарсан.


Зудын эрсдэлийн үнэлгээгээр Бугат, Дэлгэр, Тайшир, Тонхил, Төгрөг, Цогт, Цээл суманд зудын эрсдэл их, бусад суманд дунд гэсэн үнэлгээ гарсан. Иймээс өвөлжилтийн бэлтгэл ажлыг 7 дугаар сарын сүүл үеэс эхлүүлсэн. Тус ажлын хүрээнд аймгийн аюулгүйн нөөцөд бэлтгэх 200 тн өвсний тодорхой хувийг “Газар тариалан, жимс жимсгэнэ” төсөл үйл ажиллагааны хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн газрын техник дундын үйлчилгээнд нийлүүлсэн трактор, техник тоног төхөөрөмжийг ашиглан Дархан-Уул аймгаас бэлтгэх ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар аюулгүйн нөөцийн өвсийг тээвэрлэж ирэх ажлыг гардан зохион байгуулж байгаа тухай онцлон дурдлаа.


Мөн аймгийн аюулгүйн нөөцөд 50 тн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд өвс 50 тн, тэжээл 30 тн-оос доошгүй бэлтгэх, иргэд малчдыг нэмэлт өвс тэжээл бэлтгэх, бэлчээрийн даац хэтэрсэн сумдын малын тоог бууруулах, зах зээлийн эргэлтэд оруулах зэрэг ажлыг үе шаттайгаар зохион байгуулж, хяналт тавин ажиллаж байна.


Ажлын баг мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил, хадлан тэжээл, малын халдварт өвчлөл, вакцинжуулалтын явц байдалтай танилцаж, санал хүсэлтийг хүлээн авч тодорхой хариултуудыг өгсөн юм. Мөн техник дундын үйлчилгээний трактор, тоног төхөөрөмжийг ашиглан аюулгүйн нөөцөд өвс, тэжээл нөөцөлж буйг сайшаан зөв зүйтэй арга хэмжээ авч ажиллаж байна хэмээн онцоллоо.

Холбоотой мэдээ